Рачел Хинкс гэх британи эмэгтэй Wi-Fi-д харшилтай учраас ажлаасаа гараад, хотоос зайдуу, модон дунд жижиг байшинд амьдрах болжээ.
Тэрбээр 44 настай. Цахилгаан соронзон долгионд хэт мэдрэг учир Wi-Fi болон гар утаснаас ялгарах долгионд толгой нь хурц өвдөж, толгой эргэх, зүрх дэлсэх зэргээр бие нь тавгүйтдэг аж. Хоёр жилийн өмнөөс түүнд энэ мэт зовуурь илрэх болжээ.
Английн олон нийтийн эрүүл мэндийн байгууллагаас цахилгаан соронзон долгион хүний эрүүл мэндийг хохироодог гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна.
Харин Рачел өөрийгөө Wi-Fi долгионтой газар дээрх шинж тэмдэг илэрдэг гэдэгт итгэлтэй байгаа юм. Гэрийг нь хүрээлээд бараг 3.5 км радиуст Wi-Fi сүлжээ байдаг гэнэ. Тиймээс Рачел хотоос 370 орчим км зайд техник, технологийн дэвшлээс зайдуу амьдрахаар шийдсэн байна. Модон дунд тохь тухтай амьдрахад нь зайлшгүй шаардлагатай зүйлс байгаа учир Рачел олон нийтээс хандив, тусламж хүссэн байна.
Зарим мэргэжилтнүүд түүнийг “өөрийгөө өвчтэй мэт оношлох” нэгэн төрлийн эмгэгтэй гэж үзэж байна. Ийм төрлийн эмгэг Канад, Швед, АНУ-д бүртгэгдсэн байдаг, гэхдээ онцгой эмчилгээ байдаггүй аж.
С.ЦЭЛМЭГ