Си Жинпин яагаад залгамжлагчаа нэрлэхгүй байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Си Жинпин яагаад залгамжлагчаа нэрлэхгүй байгаа вэ?

Шотландчуудын гурван зууны хүсэл биелэхэд тун дөхөж ирээд байна.

Си Жинпиний залгамжлагч гэгдэж буй Гуандун мужийн намын дарга Ху Чуньхуа 2018 оны гуравдугаар сард Хятадын ерөнхий сайдын албан тушаалд очих магадлал өндөр байгаа гэнэ. Гэвч Хятадын нэгдүгээр хүний албан тушаалд очих замыг засдаг Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн болох хувь дутсан бололтой. Харин ХКН-ын гялалзсан ирээдүйтэй улс төрч гэгдэж буй Чунчин хотын намын дарга Чэнь Минь-эр намын хамгийн чухал шийдвэрийг гаргадаг УТТ-ны 25 гишүүний нэгээр томилогдох нь тодорхой болсон гэнэ. Гэхдээ ХКН-ын хурал дээр түүнийг УТТ-ны долоон гишүүнтэй байнгын хороонд томилох тухай огт яригдаагүй нь Хятадын шинэ залгамжлагчийн тухай таамаглалыг үгүйсгэж байгаа юм.

Хэрэв ирэх мягмар гаригт ХКН-ын XIX их хурал дуусахад 54 настай Ху Чуньхуа, 57 настай Чэнь Минь-эр нарын хэн нь ч УТТ-нд томилогдохгүй бол 2022 онд ХНК-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Жинпинийг хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусахад түүнийг залгамжлах хүний нэр тодрохгүй гэсэн үг. Си Жинпиний залгамжлагч болох өндөр магадлалтай улстөрчийн нэгд тооцогдож байсан Чунчин хотын намын дарга асан Сунь Чэнцай авлигын хэрэгт холбогдож энэ жагсаалтаас хасагдсан нь гэнэтийн зүйл болсон юм.

Хэрэв дээрх таамаглалууд үнэн бол бол Хятадын 1.4 тэрбум хүнийг “хяналтдаа барьдаг” Си Жинпин хоёр дахиас гадна бас гурав дахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн үг. Гэвч Хятадын эх сурвалжууд ингэж дүгнэхэд эрт байгааг хэлж байгаа юм. Энэ нь ХКН-ын дээд эрх мэдлийг шилжүүлэх механизмд Си дарга сэтгэл дундуур байгаагийн илрэл гэнэ. Хятадыг удирдаж, хянаж буй ганц том намын дээд эрх мэдлийг шилжүүлэх механизм эхнээсээ л ээдрээтэй, эрсдэлтэй явж ирсэн юм. Мао Зэдун л гэхэд залгамжлагчаа гурван удаа сольж байжээ. Тэдний хоёр нь учир битүүлэг шалтгаанаар нас барсан гэдэг билээ. Мао Зэдуны залгамжлагч Хуа Гофэнийг түлхэн унагаж гарч ирсэн Дэн Сяопин өөрийн залгамжлагчаар бэлтгэж байсан хоёр хүнээс гэнэтхэн татгалзаж, Зян  Зэмин дээр тогтсон юм.

Хятадад дөнгөж 2002 оноос л намын удирдагчдыг үндсэн хуулийн дагуу томилдог болж эхэлсэн.  2002 онд Зян Зэмин огцорч,  Ху Жинтао Хятадын дарга болсон билээ. 1992 онд Дэн Сяопин “удирдагч болохоор төрсөн” хэмээн залгамжлагчаараа нэрлэсэн Зян Зэмин 2002 онд хэдийн хоёр бүрэн эрх хэрэгжүүлсэн байв. Ху Жинтао 2012 онд намын бүх дээд эрх мэдлийг 2007 оноос УТТ-ны байнгын хорооны гишүүн байсан Си Жинпинд шилжүүлсэн юм.

Си Жинпиний залгамжлагч гэгдэж байсан Сунь Чэнцайгийн авлигын хэрэг болон цаг хугацаа нь ХКН-ын их хуралтай давхацсан зэрэг нь ‘Хятадын нэгдүгээр хүн залгамжлагчийг тодруулдаг механизмыг өөрчлөх гэж буйн дохио байж магадгүй” гэх яриа гараад байна.

Си Жинпинь хэнийг залгамжлагчаар тодруулахаа нэрлээгүй байгаа нь зөвхөн УТТ-ны байнгын хорооны гишүүд дундаас биш, олон өрсөлдөгчдөөс тодруулах санаа байж болох юм. Ямар ч байсан Си Жинпинь энэ асуудал дээр огт яарахгүй байгаа нь илт байгаа ажээ.

ХКН-ын их хурлаас томилсон Төв хороо ирэх лхагва гаригт бүгд хурлаа зарлаж, УТТ болон байнгын хорооны гишүүдээ томилсноор намын сэлгээ дуусах юм.

Ирэх долоо хоногт нэрс нь тодрох УТТ-ны 25 гишүүний тоонд Ху Чуньхуа, Чэнь Минь-эр хоёр багтах нь тодорхой байгаа ч дараагийн засгийн газарт орох “удирдагч болохоор төрсөн” эсэх нь 2018 оны гуравдугаар сард шийдэгдэх ажээ.

Өвөр Монгол болон Гуандун мужийн намын даргаар ажиллаж буй Ху Чуньхуа ерөнхий сайд болохоор “бэлтгэгдсэн” туршлагатай улс төрч юм.

Чэнь Минь-эр Гуйчоу мужийн намын даргаар ажиллаж байхдаа ядуурлыг бууруулж, инновацийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн ажлаараа сайшаал хүлээсэн. Авлигын хэргээр огцорсон Сунь Чэнцайгийн оронд Чунчин хотын намын даргаар томилогдсон нь Хятадын нэгдүгээр хүн болгох цахилгаан шатанд суусантай ялгаагүй зүйл билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж