Зээлээ төлөөгүй компанийг нууцлах шалтгаан ХБ-нд байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Зээлээ төлөөгүй компанийг нууцлах шалтгаан ХБ-нд байна уу?

Зээлээ төлөөгүй компанийг нууцлах шалтгаан ХБ-нд байна уу?

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор Хөгжлийн банкийг байгуулснаас хойш зургаан жил өнгөрчээ. Тэгвэл энэ зургаан жилийн хугацаанд Хөгжлийн банк яаж ажилласан, Монгол  Улсад хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд юу болсон бэ гэдэг асуулт тавигдах нь зүйн хэрэг.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондыг ямар төсөлд, яаж зарцуулах вэ гэх  эрх нь өнөөдөр Хөгжлийн банкинд нээлттэй болсон. Өмнө нь тус банк Засгийн газар, УИХ-ын шийдвэрийн дагуу төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр бие дааж шийдвэр гаргах боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу зээл олгосноос болоод өмнө захирлууд нь хууль, хяналтынхны хаалгыг татах болсон. Тэгвэл Хөгжлийн банк бие даасан хуультай болсноор УИХ, Засгийн газрын шийдвэрт “үгүй” гэж  хэлэх эрхтэй болжээ.

Тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярын мэдээлснээр  Хөгжлийн банк нь өнгөрсөн хугацаанд гадаадад Засгийн газрын бондыг арилжиж босгосон мөнгийг  арилжааны банкуудаар дамжуулан дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг олгосон аж.  Гэвч, 200 сая ам.долларын  санхүүжилтийн асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа мэдээлэл бий.  Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад хугацаандаа зээлээ төлөөгүй, зориулалтын бус ашигласан гурван компани хуулийнханд шалгагдаж буй бөгөөд Хөгжлийн банкныхан энэ асуудлыг ихэд нууцалж байгаа юм.

Бондоос авсан зээлээ төлөөгүй тэр гурван компани хэн бэ. Ийм асуулт тавигдах нь ч зүйн хэрэг. Тэр тусмаа зээлээ төлөхгүй гүрийж, авсан зээлээ зориулалтын бус ашигласан тэр гурван компани хэн бэ гэдгийг Хөгжлийн банк зарлах ёстой болов уу. Учир нь тэдний авсан зээлийн өрийг удахгүй улс төлнө.

Арвдугаар сарын 6-ны өдөр хэвлэлийнд тавьсан тайландаа Хөгжлийн банкныхан “Байгуулагдсан цагаасаа хойш актив хөрөнгө тогтмол өсч эхэлсэн, 6.9 их наяд төгрөгт хүрсэн” гэжээ. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа  ирэх сарын 1-нээс төлөх “Чингис бонд”-ын 500 сая, “Дим сам” бондын 160 сая, нийтдээ 660 сая ам.долларын өрийг төлөх боломжгүй. Өрийг өрөөр төлөхгүй бол дефолт үүснэ гэдгийг хэлсэн. Тэгвэл Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр 660 сая ам.долларыг төлөх гурван хувилбар байгааг хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тэрбээр дотоодын валютын нөөцөөс гаргах нэг хувилбар бий ч валютын нөөцөө шавхаад төллөө гэхэд Монгол Улс ханшаа алдана гэдгийг сануулсан. Харин “Өрийг өрөөр дарах нэг хувилбар байгаа, Засгийн газрын дотоодын бондыг Хөгжлийн банк худалдаж авах замаар өрийг төлөх бас нэг хувилбар байгааг дурдсан. Ямар ч байсан бид олон улсын хөрөнгийн зах зээлээс зээлж авсан мөнгөө төлөх нь тодорхой. Энэ мөнгө харин нохойн замаар орсон уу, ноёны халаасанд нуугдсан уу. Ардчилсан намынхан Чингис бондын мөнгөөр бүтээн байгуулалт хийж, дэд бүтцээ сайжруулж, зам, барилга барихад зарцуулсан гэдэг. Тухайлбал, алдарт төмөр замын гэх 280 сая ам.долларыг бондын мөнгөнөөс гаргасан. Мөн бондын мөнгөнөөс зээл авсан оёдолчин хүүхэн татвараа төлөөгүй, дансаа хаалгуулсандаа шаралхаж, хувцсаа шатаана гэж сүрдүүлж байсныг сануулъя. Эзэн Чингисийнхээ нэрийг худалдаж авсан мөнгө маань энэ мэтээр хаашаа орсон хэн авсан нь мэдэгдэхгүй алга болсон уу гэсэн асуултыг Хөгжлийн банкныханд тавъя. Эхний өрөө төлөх цаг ирлээ, харин юу болсныг нь, хэн, хэнд зээл олгосныг нь хэзээ тайлагнах вэ?

Ийнхүү хэдэн сарын дараа  Монгол  Улс таван жилийн өмнө авсан 1.5 тэрбум ам.долларынхаа 500 сая ам.долларыг зөв харж, инээж, буруу харж уйлж байгаад төлнө. Гэтэл Хөгжлийн банкнаас нь зээл авсан компани нь зээлээ төлөөгүй, зориулалтын бус ашиглажээ гэж.  Авсан нь, өгсөн нь үнэн юм бол хэний ямар компани бондын мөнгөнөөс авсан зээлээ төлөхгүй байгааг ил тод зарлах хэрэгтэй биш үү, Хөгжлийн банкныхаан.

Б.ХОНГОР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж