Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Америкийн хэвлэл, мэдээллийн үйлдвэрлэл группээс тус улсад тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн шилдэг сонингуудыг нэрлэжээ.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН;

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээд хүлээлгэн өгч байна, ерөнхий сайдын орлогчийн ажлыг нэр төртэй, хариуцлагатай сайн авч явж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гээд ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ерөнхий сайд бид хоёр 24 жилийн өмнө танилцсанаас хойш баг болон ажиллаж байна. Ард түмэнд амласан амлалт бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Сонгогчдынхоо итгэлийг дааж, өгсөн үүрэг даалгаврыг захирах, захирагдах ёсны дагуу хариуцлагатай гүйцэтгэх болно гэлээ. Ажил хүлээлцэхэд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд байлцлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР;

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа Ж.Мөнхбат шинэ сайдад Монгол улсын Засгийн газрын ачааны хүнд, ар талыг үүрч явдаг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд баяр хүргэе гээд ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд танхимын зарчмаар ажиллаж, хүнд хүчир албыг нэр төртэй, амжилттай хашиж ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт ерөөе гэв. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ;

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга П.Ариунболд, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба нар байлцаж, яамны тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шинэ сайд болон яамны хамт олонд хандан Монгол улсын ерөнхий сайд танхимын гишүүддээ сахилга хариуцлагатай, дэг журмыг тогтоон зөвхөн хуулийг мөрдөж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг үүрэг болгосныг уламжлаад үүнийг ЗГХЭГ-ын даргын хувиар хатуу шаардаж ажиллана гэдгээ анхаарууллаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс 3 дахь сайд Монгол улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажилласан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол улсын гал голомтыг сахиж байгаа баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар,хэлтсийн дарга нар байлцлаа

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ;

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Сайд асан А.Цогцэцэг Д.Сарангэрэл сайд энэ салбарт шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллах явцдаа Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхитэй ажилласаар ирсэн. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.

Тамга хүлээлцэхэд МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон ЗГХЭГ-ын газаар,хэлтсийн дарга нарын төлөөлөл байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж