АНУ-ын Мэрилэнд мужид ажлын байрандаа буудуулж амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн байсан юм. Энэ харамсалтай хэрэг лхагва гаригт /2017.10.18/ гарсан.
Гэмт халдлагын золиос болсон хүнийг Түдэвийн Баярсайхан гэдэг, 53 настай байжээ. Тэрээр шаргуу хөдөлмөрч, сайн эцэг байсан, гэмт этгээдийн төлөө санаа зовниж явдгаа ярьж байсан гэж гэр бүлийнхэн нь мэдүүлжээ. Энэ талаар NBC телевиз мэдээлсэн байна.
Түдэвийн Баярсайхан гэр бүлийн хамт Виржиния мужийн Арлингтон хотод амьдардаг байжээ. Талийгаач гэр бүлийн хамт 2005 онд АНУ-д очиж, суурьшсан байна. Гурван хүүхэдтэй. Охин нь АНУ-д хамт амьдардаг бол хоёр хүү нь эх орондоо аж төрдөг тухай NBC мэдээлжээ.
Түүний эхнэр Д.Гэрэлмаа “Нөхөр маань гэмт этгээдийн тухай өмнө нь ярьж байсан. Тэр үргэлж ууртай байдаг гэж хэлж байсан” хэмээснийг AP агентлаг дамжуулжээ. Сүмд залбирал үйлдэхдээ ч гэмт этгээдийн талаар залбиралдаа дурдаж, бурхан түүнийг ивээлдээ аваасай гэж хүсдэг байсан гэнэ.
Д.Гэрэлмаа нөхөртэйгөө хамт наран цэцэгсийн дунд авхуулсан зургаа харуулж, нас барахаас гурав хоногийн өмнө авхуулсан болохыг хэлжээ. Тэд хамтдаа 32 жил амьдарсан гэнэ.
Т.Баярсайхан христийн шашин шүтдэг, гэртээ Библийн сургалт явуулдаг, сүмийнхээ номлогч байсан аж. Ажилдаа дуртай, гэр бүлдээ хайртай нэгэн байсан тухай түүний охин Б.Сувд дурсаад “Тэр хамгийн сайн аав, хамгийн сайн нөхөр байсан. Миний мэдэх хамгийн даруу төлөв хүн. Маш нөхөрсөг, зөөлөн сэтгэлтэй, бусадтай амархан ойлголцдог. Хүн бүхэн түүнийг хайрлан хүндэлдэг байсан гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна.
Т.Баярсайхан жинхэнэ америк мөрөөдлийн эзэн байсан гэж охин нь ярьжээ.
Хэдийгээр аавыг нь буудаж хөнөөсөн ч гэмт этгээдийг өршөөн уучилж байна гэж Б.Сувд хэлсэн байна. “Тэр хүн аавыг минь хороосон. Гэхдээ би, манай гэр бүлийнхэн түүнийг уучлан өршөөж байна. Надад түүнийг нигүүлсэх зүрх зориг, хүч чадал алга. Зөвхөн Есүс Христийн нэрийн өмнөөс…” гэжээ.
С.ЦЭЛМЭГ