Эртний түүхт Самарканд, Бухаро ба Чингис хааны оюунлаг ертөнц​​​​​​​ | News.MN

Эртний түүхт Самарканд, Бухаро ба Чингис хааны оюунлаг ертөнц​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2017.10.20-нд нийтлэгдсэн

Эртний түүхт Самарканд, Бухаро ба Чингис хааны оюунлаг ертөнц​​​​​​​

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

-Аян замын тэмдэглэл-

Төв Азийн нутаг дэвсгэр нь зүүн, зүүн урд талаараа Тяншань (Тэнгэр Уул), Памирын өндөр сүрлэг уул нурууд, өмнөд, баруун, хойт хэсгээрээ нам дор газар юм. Энэ бүсэд Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан улсууд багтана. Түүний нэг Узбекистан улсад зорчих боломж олдож билээ. Тийшээ гарахын өмнөхөн нэгэн танил маань “тун болгоомжтой явахгүй бол ер нь хэцүү газар шүү. Шашин шүтлэг нь хатуу, одоо болтол тоталитар дэглэмтэй, үндэсний үзэл хэт давамгайлсан, ардчилал, хүний эрхийг уландаа гишгэсэн орон байгаа юм, наад зах нь доллар солих газар ховор” гэсэн нь хэтрүүлэг биш байв.

Бишкек хотоос гарч, Казахстаны тэгш сайхан тал нутаг дахь хурдны замаар явсаар оройхон Узбекийн хилд дөхөв. Төв замаар шууд давхиад очдог хилийн боомтоор нь ердөө явган зорчигчид нэвтэрдэг гэж “алмайруулах нь” тэр. Машинаар гарах бол тэр зүүн хажуугийн боомт руу очдог гэж нутгийн иргэд зам заалаа. Тэр боомт нь ойрхон харагдана.

Хилийн шалган нэвтрүүлэх заагт давхин очвол харуулын цэрэг нь тортой хашааны цаахна зогсох даргадаа илтгэж байгаа бололтой биднийг харан утсаар ярина. 30-аад минутын дараа каракуль малгай духдуулсан нэгэн эрхэм хүрч ирээд бидний бичиг баримтыг шалгаснаа, “та нарыг энэ боомтоор нэвтрүүлэхгүй, учир нь үүгээр зөвхөн Казах, Узбек хоёр улсын суудлын болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг тусгай журамтай. Иймд та нар, баруун зүгт 100 орчим км явж, тэр боомтоор хил гарч болно” гэлээ. Энэ үед нар жаргаж байлаа. Хатуу дэглэм нь эндээс эхэлж байгаа юм уу даа гэж хоорондоо ярилцан тэр зүг рүү хөдлөв. 

Засмал замаар хурдалсаар зуун километрийг 40 орчим минутад туулав. Хил дээр шалгаж айхтар сүйд болсонгүй, явганаар алхаж хилийн боомтыг гатлан паспорт дээрээ тэмдэглэгээ хийлгэлээ. Жолооч шалгуулаад буцан гарч, машинаа авч ирэв. 

Ташкент хотын төв ороход 70 орчим км гэнэ. Шөнө оройхон хотын төв орж, урьдчилан тохирсон ёсоор аялал жуулчлалын газрын тосох хүнтэйгээ утсаар холбогдлоо. Хотын төвд биднийг хүлээн өөрийгөө Шаман хэмээн танилцуулсан хөтөч маань 35 настай, өндөр нуруутай, шингэн шаргал царайтай, нээлттэй яриа хөөрөөтэй, орос стилийн залуу байлаа. Биднийг хотын төв орчимд байрлах хувийн “Бек” зочид буудалд байрлуулав. Гурван давхар зочид буудал нь тохилог, орчин үеийн бөгөөд үйлчилгээ сайтай юм. 

Маргааш нь өглөөний цай уусны дараа зорин ирсэн Узбекистаны Ташкент хоттой танилцах аялал эхлэв. Тус улсыг энэ бүс нутагтаа хамгийн нөлөө бүхий газар гэдгийг эртнээс гадарлах ба 1980-аад онд Ташкентад Монголын Ерөнхий консулын газар байсан. Олон их, дээд сургуульд монгол оюутнууд суралцсан билээ. Октябрийн хувьсгалын дараа 1917 оноос Туркестаны нийслэл байгаад 1930 онд Узбекистан улс нэрээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон байдаг. Ташкент хот бол өнө эртний түүхтэй, МЭӨ II зууны үед “Торгоны зам”-ын нэгэн хэсгийн худалдааны төв байсан гэхээр лав 2200 гаруй жилийн түүхтэй болох нь ээ. 

ЗХУ-ын задралын дараагаар Узбекистан улс тусгаар тогтнолоо 1991 онд зарлаж, бүрэн эрхт бие даасан орон болжээ. Нутгийн гуравны хоёр нь хагас болон бүтэн элсэрхэг цөл бөгөөд зүүн, урд тал нь Тяньшаны нурууны төгсгөл хэсэгт багтаж, Памирын нуруунаас эх авсан алдарт Амударъяа, Тяншань уулаас урсах Сырдаръяа мөрөн нутгийн ихэнхийг дайран урсч, энэ хоёр голыг даган олон хот, тосгон бий болж, тэндхийн хүмүүн, байгаль эх, амьтай бүхэн газар хөрсний шимт тэжээл арвин их усны ундаргаар амилан өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн болой. 

Энэ улс 32 гаруй сая хүн амтай, нийслэлд нь бараг гурван сая хүн оршин суудаг. Ерөнхийлөгчийн хатуу засаглал, нэг хүний “авторитар” дэглэмтэй, гэхдээ олон намын системээс үүссэн хоёр танхим бүхий парламент (Олий Мажелис)-тай боловч төрийн институцийн хувьд төдийлөн нөлөөлөл байхгүй. 

Дундад Азийн хамгийн том хот нь Ташкент бөгөөд маш цэвэр цэмцгэр байдал нь узбекчүүдийн ажилсаг, хөдөлмөрч шинжийг илэрхийлж, улс орны нүүр царай өнгөлөг гоёмсог, эрчимтэй хөгжиж байгаа нь алхам тутамд ажиглагдана. Гудамжиндаа машин техникийн хөдөлгөөн цэгцтэй, хүмүүс эмх журамтай замын хөдөлгөөнд оролцох юм. Ерөнхийлөгчийн болон Парламентын ордон, Засгийн газрын байр бүр нь ихэмсэг агаад том, хоорондоо ялгагдах барилгын онцгой шийдэл, гоё дизайнтай, мөн хотын төвдөө Амир Темур (түүхэнд доголон Төмөр хэмээн нэршсэн Монголын “барлас” угсааны хүн бөгөөд түүний ээж, эхнэр хоёр нь монгол бүсгүй байжээ)-ын аугаа хөшөө, лут том музей сүндэрлүүлсэн нь цаанаа нэгийг хэлээд байна. Хотын төвдөө томоос том онцгой шилэн харшийг манай улсын Ерөнхийлөгчийн ордон хэмээн танилцуулсан. Ерөнхийлөгчийнх нь ийм ордон нийслэлээс нь гадна Самарканд, Бухаро, Нукоз, Коканд дөрвөн хотод байдаг, тэр ордондоо жилдээ 2-4 удаа ирж тухалдаг юм уу даа. Бусад үед нь хатуу хяналт, харуул хамгаалалтын дор “байнгын бэлэн байдалд хүлээгдэн хоосон” байх авай. Манайх шиг ядуухан эдийн засагтай “айл”-д бол ёстой илүү зардал гэлтэй.

Ташкентээс гадна Самарканд, Бухаро, Хива, Шахрисябз, Коканд, Ферган, Ургенч, Андижан, Нукоз, Карши гээд олон том хот бий. Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, гар урлал илт давуу хөгжжээ. Байгалийн хийн их нөөцтэй. 

Дундад Азийн энэ хэсгийнхэн Сырдарья, Амударья мөрний усыг ашиглах асуудлаас болж “дайн” ч дэгдээж болзошгүй байдалд оржээ. Узбекистан улс хөвөн, улаан буудай, цагаан будааны тариалалтдаа их хэмжээний ус ашиглах сонирхолтой байхад Кыргызстан, Тажикистан дээрх хоёр мөрний усыг боож хуримтлуулан томоохон нуур далан үүсгэж, улмаар УЦС станц олныг байгуулахыг эрмэлздэгээс үүдэлтэй будилаан гардаг байна.

Узбекистан гадаадын хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд ихээхэн татаж чадсан нь улсаа хөгжүүлэхэд түлхэц өгч, Орос, Хятад, Япон, БНСУ, Канад, Австрали, Япон, Арабын орнуудын хөрөнгө оруулалттай компаниуд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Гадаад орнуудын машины лицензийг авч дотооддоо угсарч, машины үйлдвэрлэлийг хөгжүүлж, нутгийн иргэд нь дийлэнхдээ жижиг оврын өөрийн үйлдвэрийн машин хэрэглэж, “газ”-аар цэнэглэдэг нь хямд өртөгтэй юм. Ташкентад жийп машин цөөхөн үзэгдэнэ. Энэ нь мөнгөгүйдээ биш өөрийн үйлдвэрлэлийг дэмжих, шатахуун бага зарцуулах унаа хэрэглэх ухаалаг бодолтой нь холбоотой. Хөтчийн ярьснаар залуучууд нь мэргэжил, боловсрол эзэмшсэний дараа мөнгөө хуримтлуулаад эхлээд орон сууцтай болж, дараа нь машин авч, тэгээд эхнэр авдаг гэнэ. Манайханд бол урвуугаараа юм уу даа. Монголын залуучуудад хэрэгжүүлмээр л “туршлага” гэж бодогдов.

Ташкент хотод төрсөн сэтгэгдэл маш эерэг байв. Жилийн 8-9 сард нь зөөлөн, дулаан уур амьсгалтай, жимс ногоо арвин, өвөрмөц олон төрлийн хоолтой, олон янзын үндэстэн, ястнууд нь эвтэй амьдран суудаг, узбек хүмүүс ихээхэн ажилсаг (энэ нь хаана ч очсон үнэхээр цэвэр цэмцгэрээс мэдрэгдэнэ), хот нь метротой, зам нь түгжрэлгүй (энэ нь өргөн гудамжтай, хот төлөвлөлт сайтайгаас харагдана), эртний болон орчин үеийн барилга байгууламжийн өнгө дизайн өөр өөр давтагдашгүй байдгаараа ихээхэн өвөрмөц юм. Харин үндэсний телевизээр нь нүцгэн шалдангаас эхлээд гаж гэмээр нэвтрүүлэг гаргадаггүй, олон нийтийг хамарсан арга хэмжээнд тодорхой хорио цээр тавьдаг, их, дээд сургуулиудыг сүүлийн жилүүдэд төвлөрсөн хотод бус захад байгуулдаг гэх мэтээр “хязгаарлалт” багагүй бололтой. 

Эртний түүхт Самарканд, Бухаро

Узбекистан улсад ирсэн зочид ихэнхдээ Самарканд, Бухаро хотыг зорьдог, энэ нь аялал жуулчлалын гол төв болсонтой холбоотой ажээ. Жилдээ хэдэн арван сая жуулчин хүлээн авдаг, нэг хот нь 300 гаруй зочид буудалтай гэнэ. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг ба 2700 гаруй жилийн түүхтэй, эртний Ромтой чацуу болой. 

XIII зуунд Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, Чингисийн хүү Цагаадайн ургийн мэдэлд энэ газар шилжсэнээр өнөөгийн Узбекийн нутаг манай Монголчуудтай нягт холбогдсоны түүх эндээс улбаатай бөлгөө. Тэгээд ч XIII-XIV зуунд Монголын төрт ёсны уламжлал, монгол хэв маяг энэ нутагт хэвшин үлдэж, улмаар Дундад Азийн “Моголистан”-ы хаант улс бий болж, монгол нэр томъёо хэрэглэгдэж, саяхан болтол “тумен” (түмэн) засаг захиргааны нэгж, “куралтай” (хуралдай), “даругачи” (дарга), бичикчи (зарга бичиг), “нукер” (нөхөр), “союргал” (соёрхол) зэрэг үг хэллэгүүд хэрэглэгдсээр өдийг хүрсэн байна. 

Самарканд, Бухаро хот нь хоорондоо 350 км зайтай, биеэ даасан тус бүрдээ түүхийн үнэт түүх дурсгалтай, уран барилгын өвөрмөц дүр төрхтэй, эртний язгуурт газруудын нэг юм. Зорин ирсэн бүхэнд үзэх юм элбэг, энэ олон зуун жил хадгалагдан үлдсэн гайхамшигтай сонин содон үзмэрүүд олон байх юм билээ. 

Хамгийн сонирхолтой нь манай их эзэн Чингис хаан энэ газарт хүрсэн, мөн түүний дараагийн үе залгамжлагч нартай холбоотой түүхэн үнэнийг өөрийн нүдээр үзсэн нь чухал байлаа. Олон өнгийн “шаазан” шиг чулуун барилга, өндөр цамхаг, одон орон, цаг уурт ашиглах тусгай тоног төхөөрөмж бүхий томоохон цогцолбор, Бухаро хотын гол үзмэр “Калян” хэмээх тоосгоор босгосон 45.6 м өндөр, доод хэсэгтээ 9 м, дээрээ 6 м диаметртэй, дотроо 104 шаттай гишгүүрээр лам, хуврагууд дээшээ гарч, сүсэгтэн олондоо ном, сургаалаа айлддаг, “1127 он хавьд босгосон бололтой” уг цамхгийг Чингис хаан, түүний цэргүүд нураалгүй үлдээсэн гэж тайлбарлав. 

Музейн ажилтан тэрбээр: “Цагийн аясаа дагаад ч тэрүү манай Чингис хааныг хосгүй ихээр магтав”. Бид ч сэтгэл догдлон тэдэнд манай Чингис хааныг орчин менежментийг үндэслэгч гэдэг юм. Америкийн “Вашингтон пост” сонин олон нийтийн асуулгаар “Чингис хааныг нэг мянганы суут хүнээр өргөмжилсөн” гэвэл хөтөч маань энэхүү мэдээллийг мэдэж байлаа. 

Тэрбээр бидэнд хандаж: “Чингис хаан оюун ухааныг дээдэлдэг хүн байсан юм билээ” Самарканд, Бухаро хотыг эвдлэн “сүйтгээгүй”, түүний жанжнууд болон “тагнуулчид” нь гайхамшигтай ажилладаг байжээ. Самарканд хотыг тойруулан цэргүүдээ байрлуулж, баруун талаас нь эхэлж цохилт өгсөн. Гэнэтийн эсрэг талаас нь дайрна гэж огт төсөөлөөгүй байжээ гэх мэтээр тэр үеийн цэргийн урлагийн тухай хэсэгхэн хугацаанд цэц булаалдацгаав. 

Танай Монголчууд бол аугаа их хүмүүний үр сад хийморь өөдөө ард түмэн байдаг байх аа, заавал Монголд зочилно. Байгалийн баялаг ихтэй, хурдан хөгжиж байгаа гэж сонссон гэлээ. 

Дундад Азийн баруун хязгаарт хөл тавьсан Чингис хааны мөрөөр ийнхүү алхах хувь тохиосон билээ. Тэрхэн мөчид Чингис хаанаараа бахархах сэтгэл төрж байсныг үгээр төсөөлөхийн аргагүй, гэгээлэг сайхан, түүхийн үнэнийг харилцан дурсацгаав. Чингис хааны оюунлаг чанар эндээс мөн өөр олон зүйлээс дэлхий дахинд тод үнэлэгдсэн байх аа гэж дотроо ихэд бардамнав. 

Самарканд, Бухаро хотын уран барилга, түүхийн үзмэрүүдийг НҮБ-ын соёлын өвд бүртгэн авч, тэндээс зардал төсөв хувиарлаж, засварлан сэлбэж, хуучны агуулга, дүр төрхийг нь хэвээр байлгасаар ирсэн нь бас л гайхамшиг юм даа. 

“Торгоны зам”-ын зангилаа, эрт түүхээс улбаатай Төв Азийн нутгийн нэгээхэн хэсгээр зочилсноо ийнхүү уншигч олондоо товчхон сонирхуулвай. Бусад тэмдэглэлийг дараа гэж амлая. 

Бишкек-Ташкент-Самарканд-Бухаро, 2016 он

Сэтгүүлч Г.Сумъяа

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зэээээ 2017-10-20 66.181.191.196

Зээээ сайхан санагдлаа

Avatar

sarnai 2017-10-20 150.129.141.90

taalagdlaa. saihan temdeglel baina.

Avatar

Зочин 2017-10-20 202.9.43.172

Баярлалаа. Нэлээд зураг оруулсан бол …

Avatar

Зочин 2017-10-20 202.70.44.116

Однажды отец сказал мне: «Выслушай и запомните наставления, которые я тебе теперь дам.
1. Почитай и незабывай своих предков, помни, чтоты, Тимур, сынТарагая, Тарагай сын амира Баргуль, Баргуль сын амира Илынгыза, Илынгыз сын Богадура, Богадур сын Анджаль-нуяна, Анджаль-нуян сын Суюичи, Суюнчи сын Ирдамчи-Барласа, Ирдамчи-Барлас сын Качули-Богадура, Качули-Богадур сынТумен-хана, который был родственником сына Яфиса. Из наших дедов Караджар Нуян первый познал Бога посредством размышления о мире, вместе сосвоими подчиненными, которых рассудок убедил в истинности ислама. Признав Единого Бога царем, он признал визирем пророка Божия, потом признал праведных халифов. Из автобиографии Тамерлана

Avatar

зочин 2017-10-20 202.179.31.242

Очиж үзмээр санагдлаа, Сайхан бичсэн бна баярлалаа. Дэг журамтай цэвэр цэмцгэр хуучнаа хадгалж хамгаалж байгаа нь бидэнд жишээ болохоор бна шүү хүмүүсээ

Avatar

Зочин 2017-10-20 202.9.43.67

доголон ТӨМӨР хааны ээж ба эхнэр нь АЛТАН УРГИЙН ЭМЭГТЭИЧҮҮД гэх баитал аав нь узбек ээж эхнэр нь МОНГОЛ БҮР БАРЛАС ОМГИЙН ГЭСЭН УТГАТАИ БОЛЦСОН БАИНА аавнь монгол БАРЛАС ОМГИЙН язгууртан ба ЭЭЖ БА ЭХНЭРНЬ ЦАГААДАИН УГСААНЫ АЛТАН УРГИЙН ХҮҮХЭН бөөрррр хааны охин гэсэн бол ҮНЭН БОЛОХ БАИВ

Avatar

Г.Сумъяа 2017-10-20 66.181.178.180

Энэ үнэн та зөв бичжээ. Хүлээж авлаа. Яг ийм байсныг нэг түүхчийн "зөвлөлгөө"-гөөр зассан. Уучлаарай

Avatar

Зочин 2017-10-20 202.179.8.6

Ахмад сэтгүүлчдийн ийм сайхан өргөн мэдээлэлтэй бичлэг үгүйүэгдэх юм даа. Сайхан тэмдэглэл уншлаа.

Avatar

Зочин 2017-10-20 43.228.131.45

сайхан бичдэг хүн байна зөндөө мэдээлэлтэй боллоо.

Avatar

Зочин 2017-10-20 182.160.36.81

Танин мэдэхүйн сайхан сурвалжлага бичиж олон түмэндээ хүргэсэн сэтгүүлч Г.Сумьяа танд баярлаж байнаХэвлэл мэдээлэлийнх маань дандаа муу сенсац голлож бичхгүй байвал сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж