Хүн амын тоо нь байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин өсч хуучны сургууль, цэцэрлэгтээ хүүхдүүд нь багтахаа байгаад удаж байна. Намар хүүхдүүд цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд сугалаа сугалж азаа үзэх жишээний. Наана нь сурагч ах, эгч нар нь нэг ширээн дээр гурав, дөрвүүлээ сууж, ачаалалаа даахаа байсан сургуулиуд мөн л гурваас дөрвөн ээлжээр хичээллэж сууна. Мөн сурах эрхтэй нь хамт улсаас үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг нь зөрчиж буй юм.
Хүйтний улиралд багачуудаа дагуулсан эцэг, эхүүд эмнэлгүүдийн шалаар дүүрэн. Өвдсөн хүүхдээ хурдан эдгээхийн тулд томчууд шалан дээр хэвтэх нь хэвийн үзэгдэл гэж ойлгодог болжээ. Шинэ байшингийн дутагдалд орсон эдгээр салбарыг хөгжүүлэх ганц гарц нь тасралтгүй үргэлжлэх бүтээн байгуулалт юм. Үе үеийн хотын удирдлага бүтээн байгуулалтыг тасралтгүй хийнэ гэсээр гарч ирдэг ч, төсөв хөрөнгө, улс төр, хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй гацаанууд дунд нь хэтэрхий их. Одоогийн хотын дарга энэ буруу жишгийг халж, шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн салбарт шаардлагатай бүтээн байгуулалтыг хийж чадсан болов уу?
ЦЭЦЭРЛЭГИЙН ТОО НЭМЭГДЭЖ, НАЙМАН СУРГУУЛЬ ХОЁР ЭЭЛЖИД ШИЛЖЛЭЭ
Намар болохоор л цэцэглэдэг цэцэрлэгийн салбарын хүнд суртал, авлига, хээл хахуулыг халахаар энэ жилээс цэцэрлэгийн хүүхдүүдийг “цахим”-аар бүртгэх шийдвэрийг хотын дарга гаргасан билээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хот шинэ 49 цэцэрлэгтэй болсон. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77.6 хувь болж нэмэгдсэн юм. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас “энэхүү зорилтод хүрэх боломжтой, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэсэн” гэж мэдээллээ. Сургуулийн тухайд, өнгөрсөн намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад оров. Ингэснээр дахин 10 мянган 680 сурагч сурах бие даасан сургуультай боллоо.
Өнгөрсөн хичээлийн жилд 225 ерөнхий боловсролын сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан юм. Үүнээс гадна 2017 онд найман сургуулийг гурван ээлжээс хоёр ээлжид шилжүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын ердийн сургуульд суралцах орчныг бий болгож эхэлсэн тухай албаныхан онцлон ярив. Тэдний хэлснээр, нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Ингээд дурдаад байвал, Монгол Улсын 2017 оны төсөв хүндрэлтэй, шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүү дутмаг байсан ч боловсролын бүтээн байгуулалтын ажлыг 2017-2018 оны хичээлийн жилд чамлахааргүй хийжээ.
50 САЯ АМ.ДОЛЛАРААР “ДҮҮРГИЙН ЖИШИГ” ЭМНЭЛЭГ БАРЬЖ БАЙНА
Харин одоо эрүүл мэндийн салбарт хийж буй бүтээн байгуулалтаас танилцуулъя.
- Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн хашаа дотор “Дүүргийн жишиг” эмнэлгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр барихаар барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Барилгын төсөвт өртөг 50 сая ам.доллар.
- Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж дуусчээ. Удахгүй эмнэлгийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгнө. Барилгад нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ.
- Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдэд шинээр мэс заслын тасаг нээсэн байна. Шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргасан аж.
- Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд 40 ортой хүүхдийн эмнэлэг бариулахаар тендер зарласан юм. Удахгүй гүйцэтгэгч шалгарна. Улмаар ирэх хавартаа багтаж барилгын ажлаа эхлүүлэх гэнэ. Барилга барихад шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгажээ.
- 2018 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар төвийн зургаан дүүргийн 14 хороонд шинээр өрхийн эмнэлэг барина. Одоогоор барилгын зураг төслийг баталж, газрыг чөлөөлжээ. Мөн Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт “Дүүргийн жишиг” эмнэлэг барих юм.
- Харин Турк улсын Тика төслийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд “Диализ”-ийн төв, зургаан дүүргийн 10 хороонд өрхийн эмнэлэг барихаар тус тусынх нь газрын асуудлыг шийджээ.
- Барилгаас гадна Чингэлтэй дүүргийн есөн хорооны өрхийн эмнэлэгт нийт 296 сая төгрөгийн өртөгтэй автомашинуудыг шилжүүлэн өгчээ.
Улсын эмнэлгүүдийг зогсоолтой, явган замтай болгожээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв гээд улсын хэд хэдэн томоохон эмнэлгүүдийн авто зогсоолыг нэмэгдүүлэн ногоон байгууламжтай болгон тохижуулжээ. Ингэснээр эмнэлгүүдийн зогсоолын орох, гарах гарц түгжрэлгүй болов.
Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийжээ. Ингэж эмнэлгүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэн сул шороон хөрс бүхий газрын эзлэх хувийг бууруулснаар явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдсэн гэж албаныхан үзжээ. Зам тохижилтоос гадна 72 метр урт борооны ус зайлуулах инженерийн шугам, ус зайлуулах хоёр худаг хийж, 720 мКв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгожээ. Мөн улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн үүдэнд бичил цэцэрлэг байгуулж, 4-6 метр өндөртэй 36 шилмүүс модыг тарьсан юм.
Д.БАЯР