УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзоригийг томилуулах тухай саналыг хэлэлцэн, гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 67 гишүүн оролцсоноос найм нь дэмжих боломжгүй гэсэн кноп дарсан юм.
Гишүүд сайд Б.Батзоригт өмнөх сайдын ажлын эрчийг сулруулалгүй авч явах, хатуу өвөл болох тул бэлтгэлтэй байх. Мах, мал борлуулах талд санаачилгатай ажиллах. Малчдыг орлоготой болгох. Үйлдвэрүүдээ хөгжүүлэхийг хүссэн юм.
Онцлоход сайд нарын томилгоог хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар оролцож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүнээс нэг нь ч байхгүй байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томилуулах саналыг хэлэлцэж байна.
Г.ХОРОЛ