Ксения Собчак гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Ксения Собчак гэж хэн бэ?

Ксения Собчак гэж хэн бэ?

“Оросын Парис Хилтон” байсан Ксения Собчак одоо “Оросын Хиллари Клинтон” болохоор эрмэлзэж байна. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор зарлав. Харин Кремль түүнийг нь няцаасангүй, хүлээн зөвшөөрчээ.

Ксения 2004 онд “Дом-2” телевизийн реалити шоунд оролцсоноор олны танил болж, хожим нөлөө бүхий нэгэн болж хувирсан юм. Харин одоо “Путины өрсөлдөгч” нэрээр хэвлэлийн тэргүүн хуудсанд гарч эхэллээ.

2000 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 17 жилийн хугацаанд дунд нь дөрвөн жил ерөнхий сайдын алба хашсаныг эс тооцвол Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр тасралтгүй ажилласан. Ирэх жил болох ээлжит сонгуульд өрсөлдөх тухайгаа албан ёсоор зарлаагүй ч олон хүн үүнд эргэлздэггүй. Тэр үед Ксения албан ёсоор түүний өрсөлдөгч болох нь.

ПУТИНД УЛС ТӨРИЙН “ЦАГААН ТОЛГОЙ” ЗААСАН ЭРХМИЙН ОХИН

Владимир Путин Ленинград хотын захирагч асан Анатолий Собчакийн орлогчийн хувиар улс төрийн замналаа эхлүүлсэн нэгэн. Санкт-Петербург гэх түүхэн нэрээ эргүүлэн олж авсан тэр жилүүдэд Анатолий Собчак хотын мэрээр ажиллаж байжээ. Собчак 2000 онд нас барсан бөгөөд түүнийг шударга, ухаалаг бөгөөд ардчиллыг үнэн сэтгэлээр дэмжигч байсан гэлцдэг. Ксения Собчак бол түүний охин билээ.

Харин Путин эцэг Собчакийн “баруун гар” байсан төдийгүй Ксениягийн загалмайлсан эцэг гэх яриа ч байдаг. Гэхдээ нотлогдсон зүйл үгүй.

ДУУЛИАНЫ ЭЗЭН

Ксения Собчак 2004 онд анх цэнхэр дэлгэцээр олны танил болсон юм. Тухайн үед Ксения залуу үеийн төлөөлөл, “Оросын Парис Хилтон” гэгддэг байлаа. Мөн тэрбээр үнэтэй, чамин хувцсаар гоёж, тансаг зэрэглэлийн шөнийн клубт элдэв тансаг идээ, ундаа хэрэглэж буй тухай нь гаргадаг өөрийн гэсэн реалити шоутай байсан юм.

Зарим нэгний хувьд сайн биш, саар байж болох ч тэр үнэхээр алдартай нэгэн байсан гэдэг. Баян чинээлэг, алдартай эрхмүүдийн цугладаг үдэшлэг, цэнгүүн алгасалгүй зугаалж, хөгжмийн шагнал гардуулах ёслол, томоохон арга хэмжээ хөтөлдөг байв. Шар хэвлэлийн хуудас түүнгүйгээр өнжинө гэж байхгүй.

ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Собчак 2012 онд дүр төрхөө 180 хэм өөрчилжээ. Ажил хэрэгч харагдахуйц нүдний шил зүүж, сэтгүүл зүйн хувьд ноцтой сэдвүүд хөндөж, даацтай төслүүд дээр ажиллаж эхлэв. “Собчак LIVE” нэртэй нэвтрүүлэг хийж, саяхныг хүртэл нэр нөлөө бүхий улстөрч, бизнесмэн, сэтгүүлчдийг урьж, ярилцлага хийж байсан юм.

Амьдралын хэв маягтаа эргэлт хийсэн тэр жилээ Собчак SNC сэтгүүлийн эрхлэгчээр томилогдож, хоёр жилийн дараа буюу 2014 онд L’Officiel сэтгүүлийн ерөнхий эрхлэгч болжээ.

Олон нийтийг алмайруулсан хамгийн чухал шийдвэр нь магадгүй түүний улс төрийн сөрөг хүчинд нэгдэх явдал байсан биз. 2012 онд Москвагийн гудамж, талбайд эсэргүүцлийн жагсаал өрнөж, шударга сонгуулийг нэхэн шаардаж байхад Собчак өөрийн сэтгүүлч, зохиолч, жүжигчин найзуудын хамт жагсаалыг уухайлан дэмжиж байсан юм. Үүнийхээ төлөө тэд “хар жагсаал”-д багтаж, дахин төрийн телевизэд ажиллах эрхгүй болжээ.

СӨРӨГ ХҮЧНИЙ УДИРДАГЧ

Эрх баригчдыг эсэргүүцэгчдийн уулзалтын хүрээнд Ксения ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ. Түүнийг Максик Виторган гэдэг, жүжигчин. Тэд 2016 онд хүүтэй болсон байна.

Ксения Собчак багагүй хугацаанд ерөнхийлөгч Путины ойрын хүрээлэл дунд байсны хувьд сөрөг хүчнийхэнтэй холбоо хэлхээ тогтоосонд нь олон нийт үл итгэсэн гэдэг. Гэвч сошиал сүлжээн дэх түүний бичвэр, сэтгэгдлүүд, нэвтрүүлэг, ярилцлага нь ч мөн Кремлийг шүүмжилж, улам улмаар ширүүсэх болсон юм. Кремлийг эсэргүүцэгч, блоггер Алексей Навальный ерөнхийлөгчид өрсөлдөх тухайгаа зарлахад Собчак тэргүүн эгнээнд түүнийг дэмжихээ илэрхийлж байв.

Гэхдээ өнгөрсөн зургадугаар сард Ксениягийн түүнтэй хийсэн ярилцлага жаахан ээдрээтэй. Навальныйгийн улс төрийн хүрээний мэдлэг боловсрол, зорилго хөтөлбөр нь тодорхойгүй болохыг, Навальный зөвхөн авлига, хээл хахуультай тэмцэж, төрийн албаны булхайг илрүүлж, тэдний эзэмшдэг тансаг орд харш, хувийн хөлөг онгоцны талаар олон нийтэд мэдээлэх төдийхөн болохоос улс орноо хэрхэн өөрчлөх талаар төсөл төлөвлөгөө дутмаг болохыг Ксения шүүмжлэв.

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХЫН ТӨЛӨӨ…

“Намайг Ксения Собчак гэдэг. Би 35 настай. Бүхий л амьдралаа би Орос оронд ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн. Тиймээс эх оронд минь өрнөж буй бүхэн надад хамаатай”.

Ксения “Ведомости” сонинд нийтлүүлсэн ил захидалдаа ингэж бичсэн байв. Тэрбээр мөн “Миний бие ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь улс оронд минь нэн чухал шаардлагатай байгаа өөрчлөлтийн төлөөх чухал алхам гэж харж байна” гэжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж