Эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллаж, иргэд баяртай байна

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллаж, иргэд баяртай байна

Эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллаж, иргэд баяртай байна

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20:00 цаг хүртэл ажилладаг болгоод есөн сарын хугацаа өнгөрчээ. Энэхүү хугацаанд эмнэлгийн ачаалал буурсан эсэх талаар мэдэхээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо. Өчигдөр (2017.10.19) 17:00 цагийн үед очиход хүмүүс санасныг бодоход сийрэг байлаа. 

20:00 цаг хүртэл эмчийн үзлэг гэх бичиг наасан хаалганы дэргэдэх сандал дээр хэдэн хүн сууж харагдана. Энэ нь мэдээж амбулаторийн болон оношилгооны тусламж үйлчилгээний хэсэг байж таарах нь. 

Тэдний төлөөлөл болох Сүхбаатар дүүргийн иргэн Х.Эрдэнэбат нь зүрхний бичлэг хийлгэхээр ээлжээ хүлээн суух аж. Тэрээр “Ажил 18:00 цагт тарлаа гэхэд эмнэлэгт үзүүлэх гэсээр байтал хаачихдаг. Аль эсвэл машины түгжрээнд явсаар байтал үзүүлэх цагаасаа хоцрох ч үе бий. Эмнэлгүүд ажлын цагаа сунгаснаар иргэд бидэнд л ашигтай байна” гэж байлаа. 

Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг цөс, бөөр, уушги, зүрх судас, мэдрэлийн эмчийн үзлэг, мэс заслын чиглэлээр ерөнхий мэс засал, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, урологи, зүрхний эхо, ходоодны дуран, хэвлийн эхо, зүрхний бичлэг, рентген дүрс оношилгооны гэсэн нийт 16 төрлөөр иргэдэд тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлсээр байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга Ж.Саранцэцэгээс доорх тодруулгыг авлаа.

-Уртасгасан цагаар ажиллах энэхүү цагийн хуваарь хэдий хүртэл үргэлжлэх юм бол?

-Иргэдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, оношилгоо эмчилгээний хүлээгдлийг бууруулах зорилготой гарсан сайдын тушаал гэдгийг олон нийт, иргэд сайн мэдэж байгаа байх. Гэхдээ яг хэзээ дуусах цаг, хугацааны талаар тодорхой заагаагүй.

-Хоёр ээлжээр эмнэлэг ажиллаад ирэхээр бэрхшээл гарч байна уу?

-Манай эмнэлэг 2013 онд нэг жилийн хугацаанд уртасгасан цагаар хоёр ээлжээр ажиллаж байсан туршлага бий. Иймд харьцангуй богино хугацаанд зохион байгуулалт хийж, ажил үйлчилгээ жигдэрсэн. Бид 16 чиглэлээр, бараг 20-иод төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Энэ бол нэлээд өргөн хүрээг хамарч байгаа юм. Эмнэлгийн нэг давхраас эхлээд цахим бүртгэл, өлгүүр, хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт байх кабинетууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байна.

-Харин үйлчлүүлэгчдийн тоо хэр байна вэ?

-Гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ, лавлагаа төв гэдгээрээ манай эмнэлгийн ачаалал ер нь маш их байдаг. Элэг цөс, зүрх судасны кабинет, зүрхний эхо гэхчлэн дотор болон бусад мэс заслын тасгууд, мөн зарим онцлог бүхий тасгуудаар үйлчлүүлэгчид их байна.

Тус эмнэлгийн сувилагч Ж.Оюунаа “Манай эмнэлэг хотын төвд байдаг учраас ачаалал ихтэй байдаг.19 цаг 42 минутад үзлэгийн хамгийн сүүлийн цагийг өгдөг. Хүн гайгүй бол ирсэн хүмүүсийн цагаа наашлуулаад оруулах үе ч бий. Дараалал ихтэй байдаг болохоор ихэнх хүмүүсийг үзэхийг хичээдэг. Өөр харьяаллын хүмүүс их ирнэ, тэглээ гэд үзэхгүй буцаасан удаа байхгүй. Хагас сайн өдөр ачаалал их байдаг” гэв.

Харин зарим ажилчид ажлын уртасгасан цагийг нэг цагаар урагшлуулах хүсэлтэй гэдгээ хэлж байлаа. “Учир нь эмнэлгийн ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Тэдэн дунд хол гэртэй, эсвэл гэр хороололд амьдардаг олон хүн бий. Зуны цагт ч яахав, өвлийн улиралтай харьцуулахад харуй бүрий болохоос өмнө гэртээ харьчих боломжтой. Харин өвөлдөө бол 18:00 цаг гэхэд л харанхуй болчихдог болсон шүү дээ. Бид нар эрт ажлаасаа эрт тарахын тулд цаг авсан хүмүүс рүү утасдаж хэлдэг болсон” гэж байлаа.

Эмнэлгийн ажлын цагийг уртасгаснаар үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. 

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж