Үүргээ умартсан үнэмлэхүй олонх

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Үүргээ умартсан үнэмлэхүй олонх

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан ”Манай Засаг дарга Ж.Баянмөнхийн машиныг хүүд өгөх зөв” гэсэн шийдвэр гаргажээ.

-МАН-ынхан олонх болмогцоо л бүлэг, фракцынхаа амбицад хөтлөгдөн өөр хоорондоо толхилцож, ажил нь урагшлахаа болив. Их парламентын жижиг тусгал болсон НИТХ, тэр дундаа есхөн хүнтэй Тэргүүлэгчид нь ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чадахгүй байна гэдэг ичгэвтэр хэрэг-

Улс доторх улс гэж  Улаанбаатарыг зүгээр ч нэг нэрлээгүй. Улсын нийслэлдээ хүн амынх нь тал хувь нь амьдардгийн хувьд, сая гаруй хүн амтай метрополис хотын хувьд шийдэх, хэрэгжүүлэх асуудал улсын дайтай байдгаас тийн өргөмжилдөг. Гэвч энэ том айлын парламент болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)  эвээ олохгүй чамгүй хугацаа өнгөрөв. Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар даргаа халж сольсон ч шинэхэн дарга С.Амарсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдээ ч хуралдуулж амжихгүй арав гаруй хонож байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиас хойш НИТХ дахь МАН хоёр хэсэг болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Хурлын даргаа сонгох гэж МАН-ынхан дотроо толхилцож, багагүй хугацаа алдаж хоёр ч удаа санал хураасны эцэст С.Амарсайхан томилогдсон юм. Гэтэл сонгогдсон дарга нь бас л НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулж чадахгүй таг гацчихаад байна. Тухайлбал, аравдугаар сарын 12-нд  НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар зар түгээсэн  боловч хоёр ч удаа хойшлуулчхаад байна. Үүнээс болж Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна. НИТХ 45 төлөөлөгчөөс бүрддэг. Харин тэдний ес нь НИТХ-ын Тэргүүлэгч гишүүн гэх өргөмжлөлтэй, сар тутам тогтмол цалин авч, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдэж шийдвэрлэх үүрэгтэй. НИТХ-д МАН үнэмлэхүй олонх төдийгүй тэргүүлэгч гишүүд нь ч тэр чигтээ олонх болсон МАН-ын гишүүдээс бүрддэг.

НИТХ-ын Тэргүүлэгчдийг С.Амарсайхан даргалж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, ОСНААУГ-ын дарга Ж.Батсайхан, Старжин ХХК-ний үүсгэн байгуулагч Н.Баярмөнх, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын дарга асан С.Мөнхчулуун, Эрүүл хүнс ХХК-ийн захирал Б.Сүхбаатар, Сор кашмир үүсгэн байгуулагч М.Эрдэнэтуяа нар ажилладаг. Далаад оны шижигнэсэн залуусаас бүрдсэн Тэргүүлэгчдийн багийнханд төрийн албаны туршлага, мэдлэг, дадал дутаагүйг тэдний намтар түүхээс харж болно. Цөөнх болсон Ардчилсан намын зүгээс ямар нэгэн дарамт шахалт, тээг саад үгүй. НИТХ-д 11 суудал эзэлсэн Ардчилсан намд Тэргүүлэгчдийн хоёроос 2-3 суудал ногдох байтал нэгийг ч өгөлгүй эзэн суусан үнэмлэхүй олонх өнөөг хүртэл үүргээ биелүүлэлгүй өвөр зуураа толхилцсоор байна.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн сануулсанчлан “Удахгүй өвөл болно. Өвөл болмогц хүйтэн болно” гэдгийг хотын эрх баригчид эрх биш санаж байдаг л байгаа даа. НИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ байг гэхэд Тэргүүлэгчдээ хуралдуулж, олон сараар хүлээгдсэн асуудлыг шийдэхийг хотын иргэд хүлээж байна. Хураагдаж, хүлээгдсэн асуудлуудтай залгаад ирэх 2018 оны төсөв, төлөвлөгөө, үндсэн чиглэл, нийгэм, эдийн засгийн зорилго зорилт гэхчилэн цагт шахагдсан, төлөвлөгөөт ажлууд түм бумаараа.

Төрийн ордон, шинэ Засаг бүрдүүлэх, сайд дарга томилох  дуулиан шуугиантай зэрэгцэн НИТХ-ын ажлын албанд ч халаа сэлгээ хөшигний ард нууцхан өрнөсөөр байгаа ажээ.  Саяхан тамгаа гардсан шинэхэн дарга С.Амарсайхан баг бүрдүүлэлтдээ ханцуй шамлан оржээ. Тэрбээр юун түрүүн НИТХ-ын ажлын албанд  өөрийн хүмүүсийг томилох сурагтай. Ажлын албаны дарга М.Буяндэлгэр нь Ц.Сандуйн хүн гэдгийг хэн бүхэн андахгүй. 2001 онд Баянзүрх дүүргийн газрын албанаас ажлын гараагаа эхлүүлсэн түүнийг нийслэлийн Газрын албаны дэд дарга хүртэл дэвшүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард НИТХ-ын Ажлын албаны даргаар томилон дэргэдээсээ холтголгүй хүмүүжүүлсэн. Чухам тиймээс ч С.Амарсайханд хүний хүн болон харагдах нь гарцаагүй.

Үнэндээ МАН-д олонхын суудал огтоос зохихгүй байна. Цөөнх байхдаа эвтэй, хүчтэйгээрээ гайхуулдаг байсан МАН-ынхан олонх болмогцоо л бүлэг, фракцынхаа амбицад хөтлөгдөн өөр хоорондоо толхилцож, ажил нь урагшлахаа болив. Их парламентын жижиг тусгал болсон НИТХ, тэр дундаа есхөн хүнтэй  Тэргүүлэгчид нь ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чадахгүй байна гэдэг ичгэвтэр хэрэг. Олдоод өлдөхийн үлгэрт орохгүйн тулд Тэргүүлэгчдээ нэн түрүүнд хуралдуулахыг НИТХ-ын дарга С.Амарсайханд сануулъя.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж