Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ

Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ

“Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын тоо, санхүүгийн гол үзүүлэлтүүд өсөж байгаа ч санхүүгийн зуучлалд гүйцэтгэж буй үүрэг нь хязгаарлагдмал хэвээр байна. Азийн орнуудын дунд манай хоршоодын нийт актив хөрөнгө 0.03%, гишүүдийн тоо 0.11%-ийг эзэлж байна” гэж Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга С.Даваасүрэн өнөөдөр эхэлсэн “Хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн чуулган”-ыг нээж хэлсэн үгэндээ дурдлаа. Тэрээр, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т ХЗХ-ны эдийн засагт гүйцэтгэх үүргийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгасныг онцлоод, Хөгжлийн чуулганаас энэхүү зорилтыг хангах санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хөгжлийн чуулганд, Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд илгээлт ирүүлж амжилт хүслээ. Тэрээр илгээлтдээ, хөгжил, амжилтын зам шулуун дардан байгаагүй ч туулж өнгөрүүлсэн даваа нугачаа, сургамж бүхэн та бидэнд туршлага болж, дахин алдаа эндэл гаргалгүй, суурь зарчим, үнэт зүйлүүддээ үнэнчээр нягт нямбай, идэвх зүтгэлтэй ажиллаж, ХЗХ-ны санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх чин эрмэлзэл болж буйг талархан дурдлаа. Мөн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн бүсийн газрын ахлах мэргэжилтэн Жакомо Жаннетто Монгол Улсад тус банкнаас хэрэгжүүлж буй төслүүд, санхүүгийн салбарт үзүүлж байгаа дэмжлэгийн талаар танилцуулахдаа, ХЗХ-ны салбарын хөгжил нийт гишүүдийн өөрсдийнх нь зүтгэл, эрмэлзлээс шалтгаалахын онцолж, банк бүх талаар дэмжиж ажиллана гэдгийг мэдэгдэв.

СЗХ-ноос АХБ-ны “Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй Хөгжлийн чуулганд хот, хөдөөгийн 290 хадгаламж, зээлийн хоршоо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк зэрэг бодлого тогтоогч, зохицуулагч байгууллагын 350 орчим төлөөлөгч оролцож байна. Салбарын санхүүгийн болон бусад үзүүлэлт, хөгжлийн төлөв байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан танилцуулж, Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, түүний зорилго, хөтөлбөрт ХЗХ-ны салбарын талаар туссан зорилгуудыг дэлгэрэнгүй ярив. Хоршоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулж, хүртээмж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлснээр харилцагчдын тоог хоёр дахин өсгөх зорилтыг хөтөлбөрт тусгасан байна.

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо (МХЗХҮХ)-ны Тэргүүлэгч гишүүн Б.Насанжаргал тавьсан илтгэлдээ, хоршооны хөгжлийн түүхэн үе шатыг дурдаж, санхүүгийн зах зээлийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг болж хөгжих үе шатан дээр ирээд байгаад нотлон өгүүлэв. Энэ үе шатанд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нөөцийн сан, тогтворжилтын болон дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн бүтцийг бий болгох, удирдлага, засаглалыг сайжруулах шаардлагатайг тэрээр онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн, АХБ-ны төслийн зөвлөх Пиер Сэгуйн салбарыг эрсдэлээс хамгаалах тогтолцооны талаарх олон улсын жишээ, туршлагыг танилцуулав.

Хөгжлийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар, ХЗХ-ны салбарын тогтвортой хөгжлийг хангахад анхаарах асуудлуудын талаар панел-хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хэлэлцүүлэгт, СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа, ХЗХ-ны газрын дарга Ц.Алтантуул, ахлах референт Д.Дашням, АХБ-ны төслийн үндэсний зөвлөх Т.Оюунчимэг, олон улсын зөвлөх Пиер Сэгуйн, МХЗХҮХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Насанжаргал, Б.Дамдинсүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хуульч Б.Амарбилэг нар оролцож, чуулганы төлөөлөгчдийн асуултад хариуллаа. Хэлэлцүүлгийн үр дүнд ХЗХ-дын хөгжлийн хэтийн чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрч, санал дүгнэлт гаргалаа.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж