Хойд Солонгосын охидын хамтлаг “Моранбон”

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын охидын хамтлаг “Моранбон”

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан өнөөдөр өглөө хүндэт зочдыг хүлээж авлаа.

Харгис хэрцгий, хаалттай, бурангуй дэглэмтэй гэгддэг Хойд Солонгосын охидын хамтлагийг барууны хэвлэлүүд алдарт Spice Girls хамтлагтай жишин зүйрлэдэг. Хамтлагийн нэр нь “Моранбон”. Цээнэ цэцэг гэсэн утгатай. Тэд богино банзал, өндөр өсгийт, орчин үеийн үс засалт, нүүр будалт гээд умардын тухай нийтлэг төсөөллөөс давсан загварлаг дүр төрхтэй ажээ. Эх оронч үзлийг сурталчлан цэргийн дүрэмт хувцастай тайзан дээр гарах нь ч бас бий.

“Моранбон” хамтлаг дан эмэгтэй гишүүдээс бүрдсэн бөгөөд гишүүн нэг бүрийг умардын удирдагч Ким Чен Ун өөрөө шилж, сонгож авсан гэнэ.

Хамтлаг 2012 оны долдугаар сарын 6-нд байгуулагдсан, Хойд Солонгосын анхны бөгөөд цорын ганц охидын хамтлаг ажээ. Тэд поп дуу дуулахаас гадна амьд хөгжмийн бүхий л төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг. Хамтлагийн охид өөрсдөө хөгжмөө тоглодог онцлогтой гэнэ.

Тэд Уолт Диснейн “Мики хулгана”, “Цасан гуа ба долоон одой”, мөн “Винни Пух”, түүнчлэн Фрэнк Синатрагийн дуунууд, алдартай сонгодог зохиолуудыг ч тоглож, дуулдаг. Гэхдээ “Итгэл найдвар дүүрэн эх орон минь”, “Алга нижигнүүлэн агуу удирдагчаа магтъя”, “Сурцгаая” зэрэг ухуулга суртлын чанартай дуу уран бүтээлд нь зонхилдог гэнэ.

“Моранбон” хамтлаг голдуу Пхеньяны сэхээтнүүд, цэргийн болон техникийн салбарын өндөр дээд тушаалтнуудад зориулан тоглодог. Гэхдээ тэдний дуу хуурыг төв телевизээр тогтмол нэвтрүүлдэг. Тиймдээ ч охидын шүтээн болж, тэдний богино үс засалт өсвөр насны охидын дунд тренд болжээ. 

Ким Чен Ун тэр жил уран зохиол, урлагийн салбарт эргэлт хийхийн тулд шинэ зууны шаардлагаар “Моранбон” хамтлагийг үүсгэн байгуулсан гэж KCNA агентлаг мэдээлжээ.
 


 


 

 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж