ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан талаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэл хийлээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27, 28, 29-нд Crucus Event Hall-д болно.
Тэмцээнд Ази тив болон далайн орнуудын 15 улсын шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэдгээр нь Япон, Хятад, Катар, Австрали, Шинэ Зеланд, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг Шри ланк, Бахрейн, Монгол гэсэн орнууд юм.
Монголын сагсан бөмбөгчдийн хувьд одоогоор ФИБА 3х3 дэлхийн чансаад 34 дүгээрт, тивийн чансаанд 4 дүгээрт бичигдэж байгаа. Задалбал, эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 32, эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 60-д эрэмбэлэгдэх болжээ.
Энэ удаагийн тивийн аваргад өрсөлдөх Монголын эрэгтэй шигшээ баг А хэсэгт Хятад, Бахрейны шигшээтэй таарлаа. Эмэгтэй багийн хувьд “В” хэсэгт БНХАУ, ШриЛанктай багтжээ.
Монголын шигшээ багуудын хэсгийн тоглолтын хуваарь
Эрэгтэй:
2017.10.27 Баасан гариг
- 18:30 Монгол – Бахрейн
- 20:05 Япон-Монгол
Эмэгтэй
2017.10.28 Бямба гариг
- 16:10 Монгол – БНХАУ
- 17:55 Монгол – ШриЛанк
Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд аравдугаар сарын 27-ны 11.00 цагаас эхэлнэ.
Урьдчилсан шатны А хэсэгт Туркменистан, Австрали, Малайзын багууд, “В” хэсэгт Тайван, Ливан, Энэтхэгийн багууд өрсөлдөж, хэсгийн тэргүүн баг цааш өрсөлдөнө.
ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхийн 144 оронд шууд дамжуулан үзүүлнэ.
News агентлаг, News.mn сайт тус тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Б.ЭНХ