Биткоин бол цахим мөнгөн тэмдэгт. Сатоши Накамото гэх зохиомол нэртэй нэгэн 2009 онд анх санаачилжээ. Биткоины гүйлгээ хэн нэгэн хүн, эсвэл ямар нэг банкаар дамждаггүй. Гүйлгээний хураамж гэж байхгүй бөгөөд жинхэнэ нэрээ ашиглах шаардлагагүй. Вэбхостингийн үйлчилгээ, пицца захиалах, бүр маникурын үйлчилгээний төлбөрийг ч биткоиноор хийх боломж дэлхий нийтэд хэдийн нэвтэрчээ.
Кэмбрижийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд биткоин идэвхтэй ашигладаг 2,9-5,8 сая хүртэлх тооны хэрэглэгч байдаг гэнэ. Гэхдээ далд хэлбэрийн энэ төлбөр тооцооны аргыг гэмт хэргийн шинж чанартай зүйлд ашиглах тохиолдол цөөнгүй гарах болсон тул АНУ, Европын хууль хяналт, санхүүгийн байгууллагууд болгоомжлох болсон байна.
ЯАГААД БИТКОИН ГЭЖ?
Нэрээ нууцлан бараа бүтээгдэхүүн худалдан авахад биткоиныг ашиглаж болно. Мөн олон улсын төлбөр тооцоонд ашиглахад хялбар, бас хямд. Учир нь биткоин аль нэг орны, ямар нэг дүрэм журамд захирагддаггүй. Кредит картны хураамж гэж байхгүй болохоор жижиг бизнес, наймаа эрхлэгчид ихэд таашаадаг гэнэ. Зарим хүмүүс хөрөнгө оруулалт хэлбэрээр биткоин худалдан авах нь ч ихэссэн. Ирээдүйд үнэд хүрнэ гэж тооцсон учраас тэр ажээ.
БИТКОИН ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?
АРИЛЖАА: “Биткоин арилжаа” гэж нэрлэсэн газрууд цөөнгүй бий. Тэндээс хүмүүс төрөл бүрийн валютаар биткоин худалдан авч, эсвэл худалдаж болно. Японы Токиод төвтэй Mt. Gox бол одоогоор дэлхий дээрх хамгийн том биткоин арилжааны зах юм.
ШИЛЖҮҮЛЭГ: Мобайл аппликейшн, эсвэл компьютер ашиглан нэг нэгэндээ биткоин илгээж болно. Цахим хэлбэрээр мөнгө шилжүүлдэгтэй ижил гэсэн үг.
ОЛБОРЛОЛТ: Цахим хэрэглэгчид биткоин “олборлож” болно. Компьютерээр математик тэнцэтгэл, бодлого бодож биткоин олж авах боломжтой. Одоогийн дүрмээр 10 минут тутамд 25 биткоин хожих зарчим үйлчилж байна. Цахим орчинд биткоин цуглуулах боломжтой сайтууд цөөнгүй байдаг.
БИТКОИН ХЭРХЭН ЭЗЭМШИХ ВЭ?
Биткоин “цахим түрүүвч”-нд хадгалагддаг. Үүнийг нэг төрлийн виртуал банкны данс гэж ойлгож болох бөгөөд хэрэглэгч нь биткоин илгээж, хүлээн авч, эсвэл биткоин нэвтрүүлсэн газруудад төлбөрөө биткоиноор хийж, мөнгөө хэмнэх боломжтой. Банкны данснаас ялгаатай нь даатгалын санд холбогдоогүй.
С.ЦЭЛМЭГ