Дэлхийн хамгийн залуу удирдагч

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн залуу удирдагч

Дэлхийн хамгийн залуу удирдагч

Түүнийг Себастиан Курц гэдэг. 31 настай. Дэлхийн хамгийн залуу удирдагч.

Консерватив үзэл баримтлалтай Ард түмний намыг тэргүүлж, парламентын сонгуульд ялалт байгуулсан тэрбээр удахгүй тангараг өргөж, Австрийн Канцлераар томилогдоно. 38 настай, Ирландын Лео Вардаркар, бас 39 настай, Францын ерөнхийлөгч Эмманэуль Макроноос ч тэр дүү. Үе залгамжилсан дэглэмийг үргэлжлүүлэн авч яваа Хойд Солонгосын залуу удирдагч ч түүнээс хоёр насаар ах.

Нас залуу, цус шингэн хэдий ч тэр улс төрийн тулхтай, үзэл баримтлалдаа үнэнч, зоримог бөгөөд тууштай нэгэн гэж үнэлэгддэг. 2013 онд тэр Европын орнуудын хамгийн залуу Гадаад хэргийн сайд болсон юм. 27 настайдаа тэр цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран болон АНУ, Хятад, ОХУ, Франц, Герман, Британи тэргүүтний түүхэн хэлэлцээг нутагтаа зохион байгуулж байсан. Хэлэлцээр ч амжилттай болж, Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах түүхэн гэрээг талууд Венад үзэглэсэн билээ.

Курц консерватив үзэл баримтлалтай намынхаа өнгө төрхийг өөрчлөхийн зэрэгцээ цагаачлал болон интеграцчиллын асуудлаар онцгойлон дуугарч, барууны хэв шинж рүү хэлбийх болжээ. Өмнө нь тэр Балканы хойг дахь цагаачдын урсгалыг хааж, хууль бус цагаачдыг нутгаасаа гаргах, дэлхий нийт, тэр тусмаа хөгшин Европын толгойн өвчин болоод буй дүрвэгсдийн хямралыг зогсоохыг эрх баригчдаас шаардаж байсан юм. Түүнчлэн сүм дуган, шашны байгууллагыг гадны байгууллагууд санхүүжүүлдэг явдлыг бүрмөсөн хориглох тухай хууль батлах, Австри дахь исламын шашны сүмүүдэд зөвхөн герман хэл дээр хэвлэгдсэн Коран судрыг зөвшөөрөх, олон нийтийн газар бурка /толгойноос хөл хүртэл ороож өмсдөг, нүүр халхалдаг, исламын шашинтнуудын хэрэглэдэг, сул өмсгөл/ өмсөхийг хориглох зэрэг хатуу чанга бодлого баримтлахыг уриалж байв.

Үүнийх нь төлөө Курцын тэргүүлсэн консерватив намыг үнэт зүйлээ алдаж, хэт барууны үзэл баримтлалтай Австрийн Эрх чөлөөний намтай ялгаагүй болсон гэж шүүмжлэх хүн ч байдаг.

Себастиан Курц 1986 оны наймдугаар сарын 27-нд Австрийн нийслэл Вена хотод төржээ. Хотын ажилчин ангийнхан голдуу суурьшсан Майдлинг дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлсэн, одоо ч тэндээ амьдардаг. Түүний аав Жозеф инженер, ээж Элизабет нь багш мэргэжилтэй. Себастиан өөрөө айлын ганц хүүхэд ажээ.

2004 онд дунд сургуулиа төгсөөд Курц цэргийн алба хаажээ. Залгуулаад ямар нэг зэрэг дэв горилолгүй долоон жил сурсны эцэст 2011 онд Венийн их сургуулийн хуулийн ангиа орхиод, улс төрд хөл тавихаар шийдсэн байна. Энэ хугацаанд тэр Австрийн Ард түмний намын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдож, 2010-11 онд Вена хотын зөвлөлд орж ажиллав. 2011 оны дөрөвдүгээр сард Курц Интеграцын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэгээд л хуулийн сургуулиа орхихоор шийдэж, өөрийгөө улс төрд бүрэн дайчлахаар зориглосон байна.

Хэдхэн жилийн дотор Курц урлагийн од шиг л гялалзах болжээ. 2013 оны парламентын ерөнхий сонгуульд тэр хувь нэр дэвшигчийн хувьд байж болох хамгийн өндөр санал авч, Австрийн парламентад сонгогдов. Түүгээр ч зогсохгүй Австрийн Гадаад хэргийн сайдын алба хаших болж, өөрийн хүсэлтээр интеграцчиллын асуудлыг хамруулан эрхлэх болжээ. Тэр улсынхаа түүхэн дэх хамгийн залуу сайд, харин Европын тавцанд хамгийн залуу Гадаад хэргийн сайд болов.

Дипломат албанд ажиллахдаа тэр цохон тэмдэглэх түүхэн үйл явдлын гэрч төдийгүй гол дүр нь болсон удаа цөөнгүй бий. Европын холбоон дахь Австрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шат дараатай алхам хийж, түүний удирдлага дор Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах анхан шатны хэлэлцээрийг Австри улс зохион байгуулсан юм. Мөн тэр Гадаад хэргийн сайдаар томилогдсон эхний жилдээ Европын зөвлөлийн Сайд нарын хороог ахалж байв. Улмаар Европын зөвлөлийн 30 орны Гадаад хэргийн сайд нарыг урьж, Украины хямралын асуудлаар хэлэлцэж байсан юм.

Курцын сонгуулийн гол сэдэв цагаачдын урсгалыг хаах, хилийн хяналтыг сайжруулах, цагаачдад олгох тусламж, халамжийг хязгаарлах асуудалд чиглэж байв. Харин одоо Курц тэрхүү хэлж, ярьж, уриалан дуудаж, шүүмжилж байсан бүхнээ өөрийн биеэр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Мөн тэр Австрийн улс төрийг бүрэн шинэчилнэ гэж амласан. Чухам ямар утга агуулгатай гэдгээ тэр харин дэлгэрүүлсэнгүй.

Австрийн эдийн засаг сүүлийн зургаан жилийн дээд төвшинд байгаа, ажилгүйдэл хамгийн доод төвшинд буюу 5.7 хувьтай байгаа. Ийм үед улс төрд шинэчлэл авчирна гэснийг шинжээчид өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна.

Себастиан Курцыг онцгой авьяастай удирдагч, улс төрч хэмээн цоллож, дэлхийн томоохон хэвлэлүүд Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой зүйрлэн бичиж байна.

Макронтой адил нь тэр сонгуульд намын биш, харин хувь хүний улс төр хийж оролцсон. Намынхаа мөрийн хөтөлбөрийн оронд тэр “Себастиан Курцын мөрийн хөтөлбөр” гэгчийг боловсруулсан байсан юм.

Австрийн сэтгүүлч Гернот Бауэр түүний “поп од”-той зүйрлэсэн нь бий. “Тэр яг л Жастин Бибер шиг. Хүмүүс түүнтэй селфи хийх гэж өчнөөн цаг зарцуулдаг. Сонгуулийн сурталчилгааны явцад бараг 20 хувь нь зураг авхуулах, селфи хийхэд зарцуулагдсан” гэж тэр бичжээ.

Себастиан Курц гэрлээгүй. Гэхдээ найз бүсгүйтэй. Түүний бүсгүйг Сюзан Тьер гэдэг. Авсрийн Сангийн яаманд ажилладаг аж. Курц 18 настайдаа түүнтэй танилцсан, өдгөө хамт амьдардаг тухай Германы Der Spiegel мэдээлжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж