Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонг өгүүлсэн “Single ladies” киноны гуравдугаар ангийг хийх сураг дуулсан үеэс л анхаарал хандуулсныг нуух юун. Энэ нь киноны уран бүтээлчид өмнө нь “Single ladies” киноны хоёр ч ангийг үзэгчдэд хүргэсэнтэй холбоотой биз.
Жүжигчин Г.Ундармаагийн ‘U Film’ уран бүтээлийн нэгдлийн ‘Single ladies’ романтик инээдмийн киноны гуравдугаар анги өчигдөр /2017.10.18/ нээлтээ хийлээ. Уг киноны өмнөх хоёр ч ангийг найруулсан А.Миеэгомбо найруулагчаар нь ажилласан бол продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа ажиллажээ.
“Энэ удаа ‘Single ladies’ киноны маань объект нь өөрчлөгдсөн ч ганц бие гурван бүсгүйн аз жаргал, адал явдал цааш үргэлжилнэ. Мэдээж ганц бие бүсгүйчүүдийн амьдралын талаар судалгаа хийж, хүмүүстэй уулзана. Тэр болгоныг зовлон бэрхшээл гэдэг талаас нь биш хөгжилтэй байдлаар хүмүүст мессеж өгөхийг зорьдог. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд илүү олон сонголт, боломж хүлээж байдгийг өгүүлэхийг хүссэн” хэмээн найруулагч А.Миеэгомбо яриандаа онцолж байв.
Киноны гол дүр болох жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар хэвээрээ. Харин жүжигчдийн баг шинэчлэгдсэн нь харагдана. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ жүжигчид тогложээ.
Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан Ариунсанаа найзынхаа сэтгэл санааг засах гэж Баян-Өлгий аймгийн зүг жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг биширсэн гурван бүсгүйн гоёмсог, загварлаг даашинзууд үзэгчдийн харааг булаана. Адал явдал хөөсөн гурван бүсгүйн дэгжин хэв маяг киноны турш анхаарлын төвд байсаар. Тэдний гоёсон дэгжин даашинз, монгол үндэсний дээл цаанаа л донжтой.
Гурван бүсгүйн аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч, Өвөрхангай аймгийн Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн уугуул иргэдтэй танилцаж, адуучин залуу Алтангэрэлд Гэрэлээ /О.Дөлгөөн /дурлаж, машиныхаа түлхүүрийг санамсаргүйгээр гээснээр тэдний хөгтэй, адал явдал өрнөх аж.
Тэр нутгийн баян авгай “юань” Юмжирын нутгийн газар доорх алтанд шунаж буйг олж мэднэ. Харамсалтай нь, Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Энэ удаа ганц бие бүсгүйчүүд эх орныхоо байгалийн үзэсгэлэнг харуулахын зэрэгцээ газрын доорх баялагаа хайрлан хамгаалахыг зорьсон бололтой.
Төгсгөлд нь эргэн санахад “Single ladies’ киноны эхний ангид Сарангуа /А.Туяа/ ганц бие амьдралаасаа холдож, гэр бүлтэй болдог. Харин хоёрдугаар ангид карьер, мөнгө, албан тушаал гээд дутуу юмгүй Ариунсанаа ханхүүтэйгээ учирдаг бол энэ удаа хэнэггүй Гэрэлээ /О.Дөлгөөн/ адуучин залууд сэтгэл алдарч, насан туршийн хайртайгаа учирснаар кино төгсөв.
А.Сүрэн