Г.Дэнзэнг хэзээ суллах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнг хэзээ суллах вэ?

Маргааш хаалтаа хийх уг баярын сүүлийн өдөр паркт зомбинууд жагсаал хийж, тэр бүү хэл попын хаан Майкл Жексоны “Триллер” бүжгийг бүжих гэнэ.

-Дээд шүүх шийдвэрээ хэзээ биелүүлэхийг олон нийт харж байна-

Энэ сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцээд анхан шат болон нийслэлийн давж заалдах хоёр шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, улмаар хэргийг анхан шатанд буцаасан билээ. Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараа иргэн Г.Дэнзэнг суллах ёстой байсан ч өнөөг хүртэл Майнтын хорих ангид хорьж буй. Уг нь хүндэвтэр хэрэгт сэжигтнээр татагдсан иргэнийг хуулийн дагуу 12 сар хүртэлх хугацаанд хорих ёстой. Гэтэл түүнийг 2016 оны тавдугаар сард саатуулснаас хойш нийтдээ 15 сар ийнхүү хорьсон нь хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй явдал юм. Ямартай ч түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч гэлээ уг хэргийг анхнаасаа зохиомлоор үүсгэж, яллахыг санаархсан нь дээд шүүхийн шийдвэрийн дараа хорих ангиас суллаагүй нь гэрчиллээ гэх олон хүн байна.

Г.Дэнзэнд ямар учраас хэрэг үүсгэсэн бэ

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Г.Дэнзэнд анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган эрүү үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл энэ оны нэгдүгээр сард түүний ялыг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-оор зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийтдээ 15 сар гаруйн хугацаанд цагдан хориод буй 27-хон настай залуу ямар учраас ийм асуудалд хутгалдаж, улстөрчдийн болон ард түмний нүдэнд орсон “шороо” болж хувирав гэдэг асуулт өнөөдрийг хүртэл иргэдийн дунд байсаар байна. Цаг хугацааг ухрааваас, 2007 оны үед Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн цалинг 500 мянган төгрөг болгох, “Оюутолгой”, “Тавантолгой” дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах гэсэн гурван асуудлаар математикийн салбарт шилдэг боловсон хүчинд тооцогддог Г.Дэнзэнтэй багшаар нь дамжуулж холбогдсон байна.

Энэ үеэс Г.Дэнзэн УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болж, улмаар судалгаа, шинжилгээний ажилдаа оржээ. 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа түүнийг зөвлөхөөр авч ажиллуулсан байна. Удалгүй ахлах зөвлөхөөрөө томилж, дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилж. ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн албан тушаалд томилогдсон түүх ердөө л энэ. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг “хүргэн” нь болохоороо өндөр албан тушаалд томилогдсон зүйл огт биш. Үүнийг нь “гэрчлэх, нотлох” баримтаар бол тэрбээр Ерөнхий сайд асантай хамтарч ажиллаад гурван жилийн дараа зээ дүүтэй нь танилцаж, нэг гэрт орсон байдаг. Г.Дэнзэнг харлуулж, түүнийг яллах гэсэн санааны цаад талд ямар булхай явж буйг шүүх хуралд өөрийн биеэр оролцож, илчлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч энэ үгийг нь хэн ч хайхарч үзээгүй. Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилогдоод удаагүй байхад нь буюу 2013 оны дөрөвдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр Г.Дэнзэнг “Тавантолгой”-н тендерт хувийн эрх ашгаар хандсан гэсэн зүйл яригдсан. Дээрх асуудалд түүний нэрийг ингэж хавчуулсны шалтгаан нь эл хэргээр далимдуулж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаахад асуудлын гол оршиж байж. Энэ үед нь тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байсан үетэй таардаг. Тиймээс “Би ажил үүргийнхээ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрхгүй. Гэтэл сүүлийн үед намайг “Тавантолгой”-н тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж албан ёсны мэдэгдлийг Г.Дэнзэн удаа дараа өгсөн байдаг. Үүнээс нэг сарын дараа Авилгатай тэмцэх газраас хэрэг үүсгэн шалгаж, прокурорт шилжүүлсэн ч хэргийг түдгэлзүүлжээ. Ингээд зургадугаар сард нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгснөөс таван сарын дараа “Говь-повер” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байна. Харин хэсэг хугацааны дараа эвлэрч “Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон юм. Үүнээс яг нэг жилийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцоруулсны маргааш өдөр нь АТГ-аас хэргийг сэргээж шалгаж эхэлснээр түүнийг сэжигтнээр тооцон, гурван сар гаруйн хугацаанд цагдан хорьсон юм. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас дахин цагдан хорьсноор өнөөдрийг хүртэл нэг жил таван сар гаруй хугацаанд түүнийг хорьж буй. Түүнд хэрэг тохож, улсад онц их хохирол учруулсан гэх хэргийн эхлэл ингэж л тавигдаж, улмаар энэ оны дөрөвдүгээр сард нийслэлийн давж заалдах шүүхээс түүнд 3.6 сарын хорих ял дээр нь 2.7 тэрбум төгрөгийг улсад “хандивлах” шийтгэл оноосон юм.

Түүнд холбогдох хэргийг шударгаар шүүж чадаж байна уу

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхтэй” гэж заасан. Гэтэл иргэн Г.Дэнзэнд хууль хяналтын байгууллага анхнаасаа ялгавартайгаар хандаж ирсэн нь нийтэд тод харагддаг. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг өөрийн эхнэр Г.Уянгын нэр дээр “Говь повер” гэх ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг шилжүүлж, улмаар “гаалийн хяналтын бүс шалгаруулах тендер”-т хууль бусаар шалгарч, онц их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Энэ оны дөрөвдүгээр сард хуралдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцээд Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял мөн 2.7 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний шалтгаан нь маш энгийн. Уг нь гурван жил гаруйн хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа явуулсны эцэст буюу 2016 оны арванхоёрдугаар сард түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлээр зүйлчилж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг.

Гэтэл энэ оны нэгдүгээр сард давж заалдах анхан шатны шүүх хурал болохын өмнө шүүгч Буяннэмэх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангиар (энэ нь өршөөлд хамрагдсан заалт байсан) зүйлчилсэн нь буруу. Харин 263 дүгээр зүйл ангиар зүйлчлэх ёстой” гэж ялыг хүндрүүлсэн захирамж гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Уг шийдвэрийг нь ч эл хэрэг дээр гурван жилийн хугацаанд хяналт тавьсан прокурор Бадамцэцэг хүртэл эсэргүүцэл бичээгүй байдаг. Уг нь прокурорын байгууллагаас шүүх рүү шилжүүлсэн хэргийг шүүхээр хэлэлцэх хангалттай үндэслэл бүрдсэн гэж шүүгч үзвэл шүүхэд шилжүүлэх захирамж гаргах ёстой. Харин шүүхээр хэлэлцэх болоогүй байна, зарим нэг ажиллагаа хийсний дараа шүүхэд шилжүүлэх ёстой гэж үзвэл шүүгч захирамж гаргаж мөрдөн байцаалтад хэргийг буцаах шийдвэр гаргах хуультай. Ингэж захирамж гаргахдаа шүүгч Буяннэмэх иргэн Г.Дэнзэнг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангийг өөрчилж 263-аар зүйлчил гэсэн утга бүхий захирамж гаргасан нь хууль бус үйлдэл юм. Тухайн шүүгч шүүх хуралдааны дараа хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар итгэл үнэмшлээ олж авах ёстой атал шүүгч Буяннэмэх нь Г.Дэнзэн нь эрүүгийн хуулийн 263 дүгээр ангид хамаарах гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн захирамж гаргаж мөрдөн байцаалтад буцаасан нь Шүүгчийн ёсзүйн дүрэм болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл юм. Өнөөдөр шүүгчид хараат бусаар, хуульд захирагдаж ажилласныхаа төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Гэтэл үнэн, худлыг дэнслэх ёстой шүүх засаглалынхан энэ мэт үйлдэл гаргаад байвал ард түмэн хэнд итгэх вэ. Хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлддэг шүүгч шүүх засаглалд байж болох уу гэдгээс эхлээд Г.Дэнзэнд холбогдох хэргийг анхнаасаа санаатайгаар зохиомлоор үүсгэсэн байж болзошгүй гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж буй юм. Нөгөөтэйгүүр түүнд холбогдох хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ хүртэл хууль хяналтын байгууллагынхан ноцтой алдаа гаргасан болохыг түүний өмгөөлөгч гэрчилдэг. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг 2010 онд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдож, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн хамаарал бүхий “NIDB” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэсэн үндэслэлээр буруутгасан байдаг. Мөн иргэн Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй, Д.Баярмаа гэх эзэнтэй “Говь повер” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж, тендерт хууль бусаар шалгаруулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус буруутгасан юм.

Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Дэлгэрнямын хэлснээр “Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад эхнийх нь үйлдэлд түүнийг гэм буруутай гэх үйлдэл огт тогтоогдоогүй. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсан. Жишээлбэл, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байтал улсын яллагчаас тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан хүнээс авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ Г.Дэнзэнг буруутгах эх сурвалжаа болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байсаар байтал зөвхөн Г.Дэнзэнг буруутгаад байгаа нь ойлгомжгүй. Хоёрдугаар буруутгаж буй үйлдлийн хувьд, хамгийн гол нь Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Гэтэл хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л Г.Дэнзэнг буруутгах гол нотлох баримт болгосон нь Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчиж, тус нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбарыг нотлох баримтдаа шинжлэн судалсан” гэв. Түүнчлэн “Нотлох баримтаар мөнгө авсан нь нотлогдоогүй байхад 2.7 тэрбум төгрөгийг Г.Дэнзэнгээс гаргуулах шийдвэр гаргасан нь ёс зүйгүй үйлдэл. Ер нь шүүх засаглалд гэмт хэргийн хохирлыг зүйлчилж яллахдаа тэнцвэртэй бусаар харьцах нь нэмэгдсэн” гэлээ.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл, түүнийг хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас дуудаж, шалгаагүй байхад хүртэл “Г.Дэнзэнг шалгаж байгаа, хэргээс зугтаж гадаад руу гарчээ” гэх зэргээр ташаа мэдээллийг олон нийтэд санаатайгаар тарааж байсныг уншигч та санаж буй байх. Тэгвэл тэрбээр энэ хугацаанд хууль хяналтын байгууллагад шалгуулж, үнэнийг тогтооход хамтран ажиллахад бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм. Нэхэн сануулбал, хэргийн талаар ид шуугиж байх тэр үед Г.Дэнзэн нь Герман Улсад гурван сарын хугацаатай сургалтад сууж байхтай таарсан байдаг.

Энэ үедээ тэрбээр “Эх орноосоо зугтаагүй, ийм худал хуурмаг үйлдэл огт гаргаагүй. Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн” гэдгээ ил захидлаар хүргэсэн удаатай. Улсын дээд шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдахаас өмнө хүртэл шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ илэрхийлээд, хууль хяналтын байгууллагын цөөн хэдэн хүний хууль бус үйлдлийг илчлэх хүсэлтээ байгаагаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт ил захидлаар уламжилж байсан юм. Гэтэл түүний уг хүсэлтийг хэн ч хүлээж авахгүйгээр барахгүй дээд шүүхийн шийдвэр хүртэл гарчихаад байхад хүртэл түүнийг хорих ангиас сулласангүй. Хорих ангид гурван сар саатуулагдахдаа Г.Дэнзэнгийн бие хэд хэдэн удаа муудаж, ухаан алдсан байв. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Дэнзэнг эргэснийхээ дараа твиттер хуудсандаа “Г.Дэнзэнгийн биеийг өлсгөлөн зарлахад зохих ёсоор бэлтгээгүйгээс болж хордлогод орсон байдалтай байна. Цусаар бөөлжиж комд оржээ” хэмээн бичсэн байдаг. Ямартай ч, хуулийн гаргалгаанаас үзвэл “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн 17 тэрбум төгрөгийг завшсан гэх хэрэгт буруутгагдсан Г.Дэнзэнг ердөө Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр пүү нийлүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй бололтой. Үнэн, худал нь мэдэгдэхгүй эл хэргийнхээ төлөө тэрбээр улсад 2.7 тэрбум төгрөгийг хандивлах учиртай болсон ч дээд шүүхээс энэ шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн атлаа түүнийг суллаагүй гээд манай улсын хууль тогтоох байгууллага ямар зарчмаар ажиллаж байгаа нь тодорхойгүй бас эргэлзээтэй байна. Энэ мэт Монголын төр болоод Монголын улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан Г.Дэнзэн шиг хэдэн залуусыг золиосонд гаргаж байж хуулиа дагаж мөрддөг болох юм бол. Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан нь үнэн л юм бол дээд шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг нэн яаралтай суллах нь зүйтэй биз ээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж