“Улаанчулуут”-ын автобус хаачив аа?. “Ирдэггүй ээ, хүлээгээд 30 минут зогсож байна”. Спортын төв ордны баруун талын автобусны буудалд зогсох иргэдийн дунд дээрх яриа өрнөв.
“Зүүн салаа”, “Дүнжингарав”, “Мишээл экспо” чиглэлийн автобусууд шилээ даран давхиж ирсээр. Харин 57 дугаартай “Улаанчулуут” бараа ч үгүй.
Цаг 20:30 болжээ. Зорчигчид ч эхнээсээ тэсгэл алдаж, Нийслэлийн тээврийн газрын 326352 дугаарт залгаж гомдол мэдүүлэх нь тэр. Гомдол тавьсны хүчинд сураг дууллаа. “Бөмбөгөр” худалдааны төв орчимд “Улаанчулуут”-ын автобус яваа аж.
Удахгүй ирэх нь гэцгээн шуугилдсан ч бараа сураггүй. Барагцаагаар 20 минут хүлээлгэсний эцэст автобус ирж, зорчигчид ч бөөн баяр болсоор сууцгаав. Харин нэг зорчигч жолоочид гомдол тавилаа.
Автобус 50 минут хүлээлгэсний эцэст нэг ирсэн нь энэ юм. Ингэж цагаар шахам хүлээлгэсэн нь анхных биш, дандаа ийм байдаг. Өнгөрсөн жил ч ийм л байсан. Зорчигчид асуудал тавьсаар ирсэн ч үйлчилгээгээ сайжруулаагүй. Хүлээлгэдэг шалтгаанаа авто машины түгжрэл рүү чихдэг гэнэ.
Уг нь зохицуулалт хийх олон боломж бий. Наад зах нь эргэлтийг нь богино болгох боломжтой. Автобусных нь тоо хүрэлцдэггүй юм бол микро автобусыг оройн цагаар нэмэлтээр явуулж ч болно. Эс бол дээрх чиглэлд үйлчилж буй орон нутгийн өмчит компанийг шугамнаас нь хасаж, хувийн хэвшлийн автобус компанийг явуулдаг болгож, өөрчилж болно. Гэтэл ямар ч арга хэмжээ аваагүй.
Иймэрхүү зохицуулалтыг хийлгүүлэх гэж Нийслэлийн Тээврийн газар ажилладаг байлтай. Бүтэн нэг жил өнгөрсөн байхад бахь байдалтай нь эвлэрч суугааг юу гэж ойлгох вэ?.
Энэ зэргийн юмыг зохицуулж, иргэдийг чирэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч чаддаггүй Нийслэлийн Тээврийн газар ажиллах шаардлага байгаа юм уу. Татан буулгаад хариуцдаг ажлыг нь мэргэжлийн холбоодод шилжүүлбэл асуудалтай шугамуудыг цэгцлээд, төсвийн зардлыг бууруулаад, нийслэлийн тээврийн үйлчилгээ сайжраад цэмбийж мэдэх л юм.
Удахгүй өвөл болж, ес эхэлнэ. Зорчигчид “Улаанчулуут”-ын автобусыг цаг шахам хүлээсээр л байх уу.
Ийм болхи үйлчилгээтэй байхад Нийслэлийн Тээврийн газрынхан төрийн албан хаагчдыг “Автобусанд суу” гэж шахаад түгжрэлтэй тэмцэнэ гэвэл ёстой лөөлөө биз.
Хэн бүтэн цагаар автобус хүлээж, хөлөө хайруулж зогсохыг хүсэх юм бэ.
Яагаад иргэд орлого багатай хэрнээ автобусанд суух бус машин унаад түгжрэл дээр түгжрэл нэмдэг вэ гэвэл нийтийн тээврийн үйлчилгээтэй л холбоотой. Хүлээлгэдгээс эхлээд олон асуудал бий.
Уг нь иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр дор нь арга хэмжээ аваад зохицуулалт хийдэг байсан бол нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өдийд цэгцэрчих бүрэн боломжтой. Гэтэл 326352 дугаарын утсаар ирсэн санал хүсэлтийг тоодоггүй.
Сая гаруйхан хүн амтай хотод нийтийн тээврийн үйлчилгээг шийдэхэд нэг их асуудал биш. Даанч сэтгэлгүйн дээр төрийн болоод орон нутгийн өмчит компаниуд нь олигтой үйлчилгээ үзүүлж чадахгүй хэрнээ ашигтай гэж үзсэн хамаг шугам дээрээ очоод тэгнэчихсэн. Хувийнхандаа өгдөггүй. Тэгсэн хэрнээ үйлчилгээгээ сайжруулж чаддаггүй.
Одоо төр иймэрхүү дампуу компаниудаа хувьчилж, ачаагаа хөнгөлбөл таарна.
Г.ХОРОЛ