Хятад дэлхийг удирдана

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Хятад дэлхийг удирдана

Хятадын Коммунист намын 19 дэх их хурал лхагва гаригт эхэллээ.

Хурлыг нээж Хятадын дарга Си Жиньпиний хэлсэн үг олон улсын анхаарлыг татав. Тэрбээр 2050 он гэхэд Хятад улс дэлхийг тэргүүлэх улс болох ирээдүйн зорилтыг танилцуулжээ.

2050 он гарахад Хятад улс социалист нийгмийг улам бүр боловсронгуй болгох хоёр үе шаттай төлөвлөгөөг Коммунист намын гишүүдтэй зөвлөлдөж баталлаа. Энэ нь Хятадын өнөө цагийн эрин үе дэх улс төрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм.

Хурлын танхим.

Энэ удаагийн их хуралд ХКН-ын 89 сая гаруй гишүүнээс сонгогдсон 2300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Таван жил тутамд зохион байгуулдаг, хаалттай их хурлын үеэр Коммунист удирдлагын түвшинд томоохон халаа сэлгээ хийхийн зэрэгцээ тус улсын ирэх таван жилийн хугацаанд баримтлах бодлогыг авч хэлэлцэж, тодорхойлдог уламжлалтай.

Си Жиньпин 2012 онд БНХАУ-ын дарга болсон бөгөөд дахин таван жилд үргэлжлүүлэн намыг даргална.

 

ХКН-ЫН ИХ ХУРЛААС ОНЦЛОХ МЭДЭЭНҮҮД
 

  • Си Жиньпин өнгөрсөн таван жилд Хятадын даргаар ажиллах хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юань байснаас 80 их наяд юань болж өссөнийг дуулгав.

  • Өнгөрсөн таван жилийн дотор 60 сая хүнийг ядуурлаас гаргаж, ажил төрөлтэй болгосон амжилтаа бахархалтайгаар мэдэгджээ. Тэгвэл 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавьсан байна.

  • Эртний торгоны замыг дагасан Ази Европыг холбох “бүс-зам” санаачилгыг 2013 онд амжилттай эхлүүлж, 50 гаруй орны дэмжлэгийг аваад байна.

  • Хятадын өөр нэг амжилт бол Олон улсын валютын сангийн нөөцийн валютын сагсанд юанийг багтааж чадлаа.

  • Дэлхийн банктай эн тэнцэхүйц санхүүгийн институт болох Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулж, 40 гаруй орныг гишүүнээр элсүүлжээ.

  • Олон улсын улс төрийн тавцанд Хятадын оролцоо нэмэгдэж, Ойрхи-Дорнод, Африкт нөлөөгөө нэмэгдүүлэв.

  • Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд Бээжингийн эрх ашгийг хамгаалж, байр сууриа бэхжүүлжээ.

  • Хятадын дотоод улс төрийн нэгдүгээр сэрэмжлэх асуудал бол салан тусгаарлах үзэл хөдөлгөөнийг таслан зогсооно. Салан тусгаарлах бослого хөдөлгөөн идэвхтэй Шинжаан Уйгур, Түвд, Хонконг, Тайвань зэрэг мужуудад энх тайвныг нямбай тогтоож, цаашид эдийн засаг, хөгжил, боловсролын түвшинг дээшлүүлэхэд анхаарна.

  • Авлигын эсрэг тэмцлийг үргэлжлүүлнэ.

  • Хятад улс сүүлийн 5 жилийн хугацаанд авлигын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон НЭГ сая гаруй төрийн алба хаагчийг илрүүлэн, шийтгэсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж