Хэдийгээр Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцсэн ч У.Хүрэлсүхийн өргөн барьсан нэр дэвшигчийг УИХ-ын олонх дэмжлээ.
Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийг “өөрийн хүүхэд” мэт өмөөрч ирсэн Ардчилсан намын бүлэг сүүлчийн мөчид танхимынх нь эсрэг кноп дарцгаав. Уг нь долоо хоногийн өмнө У.Хүрэлсүх ба түүний багийг харанхуйгаар дэмжихээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийлж байсан гэвэл манай улстөрчдийн ой санамж загасныхаас ч богино ажээ.
Ж.Эрдэнэбатын засгийг унагаахын тулд сөрөг хүчинтэйгээ элбэлцсэн У.Хүрэлсүх хэрэвзээ М.Энхболдтойгоо гар барилцаагүйсэн бол түүний танхимын сайдуудыг томилоход тун чиг хүндрэлтэй байлаа.
У.Хүрэлсүхийн танхимын үндсэн чиг үүргийн яамдын сайд албан ёсоор өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байна. У.Хүрэлсүхийн засагт тодорхойлох имиж байхгүй ч тохиролцооны засаг бүрдэж буй нь тодорхой болсон.
Одоо түүнд МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, эдийн засгаа хямралаас гаргах, цалин тэтгэврийг нэмэх, засаглалын хямралыг тогтворжуулах үүрэг ногдлоо. Хэрэв У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатаасаа илүү гарч ажиллаж чадахгүй бол Засгийн газрыг унагаж, нийгмийг хямрааж, улс төр хийсний ашиг гарахгүй. Нийгэм түүнээс хэлсэн шигээ хийхийг хүсэж, хүлээж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн мөчөөсөө эхлэн намаа задартал зодолдож байгаа М.Энхболдын намд өнөөдөр эв нэгдэл юу юунаас илүү хэрэгтэй байна. Эв нэгдэлгүйгээр У.Хүрэлсүхийн засаг оршин тогтнохгүй, тогоондоо эвсэх, нэгдэх чиглэлийг барьж ажиллавал ядаж л түүхэнд биш юмаа гэхэд цаг хугацаандаа тодорч болох юм.
Зун, намаржин улс төр хөөсөн эрх баригчид ямартай ч шинэ засгаа бүрдүүлж, нэмэгдэхүүнийхээ байрлалыг өөрчиллөө. Харин эдийн засаг, улс төр, нийгэм шинэ засгаас юу хүлээж байгаа вэ?
Өнөөдөр эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарсан ч хямрал Монголоос яваагүй байна. Улс төрийн хямрал нь эдийн засгийн хямралын үндэс болсон нөхцөлд шинэ засаг хэрхэн ажиллах нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй. Ялангуяа У.Хүрэлсүхийн засагт Ерөнхийлөгчийн “ивээлээр” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болох Д.Сумъяабазарын бодлогоос бүх зүйл хамаарна.
Тавантолгойн төслийг хөдөлгөж, Гацууртын ордыг эргэлтэд оруулахгүйгээр У.Хүрэлсүх өөрийнхөө хэлсэн шигээ түүхэнд үлдэхгүй. Үндэсний статистикийн газраас 2017 оны эхний есөн сард экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум ам.доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн талаар танилцуулсан. Эндээс харвал уул уурхайн бүтээгдэхүүний экспортоороо Монгол амьдарч байна гэсэн үг.
Тиймээс төр бүгдийг авна гэсэн бодлогыг У.Хүрэлсүх болон Д.Сумъяабазар нар баримталбал эдийн засагт багагүй хохирол авчирна. Эргэн сануулахад, АН-ын засгийн үед Уул уурхайн сайдаар Д.Ганхуяг томилогдсоны дараа хэлсэн ганц үг Монголын эдийн засагт хүлээлт үүсгэж, ‘Рио Тинто’-гийн өмнө Монголын Засгийн газар буулт хийхэд хүргэсэн гашуун явдлыг сануулахад буруудахгүй байх.
Хэрэв буруу хөл дээрээ босохгүй гэвэл У.Хүрэлсүхийн засаг хувийн хэвшлийнхэндээ ажиллах боломжийг нь л нээлттэй болго. Юм болгон руу гар дүрдэг засгаас илүү юу ч хийхгүй, хувийн хэвшлийнхэндээ ажил хийх боломжийг бүрдүүлсэн засаг л түүхэнд үлдэнэ.
Төр өөрөө төмөр замаа барьж, төр өөрөө хүрзээр нүүрс ухаж, төр өөрөө нүүрсээ экспортлох нь эдийн засагт ашиггүй гэдгийг “алга “болсон’ төмөр замын 280 сая ам.доллар, Сайншандын бүтээн байгуулалтад зарцуулсан Чингис бондын зарцуулалтаас харж болох байх. Ажлаа эхэлж буй, МАН-ын “акул”-уудаас бүрдсэн гэх шинэ засагт амжилт хүсье, бас У.Хүрэлсүхийн засагт урт наслаарай гэж ерөөе. Учир нь улс төр нь тогтворгүй байх нь өөрөө улс орны маань ‘зовлон’ болчихоод байгаа нөхцөлд шүү дээ.
Ж.ЭРХЭС