УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Таван Элчин сайдууд УИХ-аас дэмжлэг аваад явсан. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан байна. Таны мэдлээс гараад явчихав уу, мэдээлэл байна уу?
Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Таван сайдын асуудалтай танилцаагүй байна. Нэгэнт томилогдоод агреман ирсэн бол томилогдоод явах ёстой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бий. Тодруулаад эргэж мэдээлэл өгье.
УИХ-ын гишүүн Л.Болд: Тусгаар тогтнолд халдах бодлого зэр зэвсгээр биш гадаад харилцаа, батлан хамгаалахын бодлогыг сулруулах чиглэлээр орж ирдэг. УИХ-д 40 гаруй гишүүн шинээр орж ирсэн. Тэдэнд стратегийн сургалт хий, ойлголт өг. Цэгцтэй бодлогогүй учраас буруу ярьж байна. Элчин сайд нарын томилгоог ярьж байна. Аль ч оронд хоёр янзын Элчин сайд байдаг. Нэг нь мэргэжлийн Элчин сайд, нөгөө нь улс төрийн томилгоотой Элчин сайд байдаг. Ингэж байж ажлаа амжуулдаг. АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоны дараа улс төрийн томилгоотой бүх Элчин сайд нар ажлаа өгч, мэргэжлийн Элчин сайд нар нь ажлаа үргэлжлүүлсэн. Энийг буруугаар гуйвуулж болохгүй шүү.
Г.ДАРЬ