Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа | News.MN

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа

Евро бүсийн орнууд хямралын үед үнэт металлын нөөцдөө анхаарахгүй байгаа талаар Герман шүүмжилжээ.

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2017.10.18) 14 цаг 23 минутад 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” болон хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн Ажлын хэсэгтэй тохирсон хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 6.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зарлага буюу цэвэр зээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 9.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 2.7 их наяд төгрөгөөр буюу ДНБ-ий 9.9 хувьд хүргэж төлөвлөсөн. Энэ нь батлагдсанаас 0.5 хувиар багасгасан дүн болохыг тэрбээр танилцуулгын үеэр дурдлаа. 2017 оны төсвийн тодотголд төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээлийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гаргасан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд зориулахаар тусгасан аж. 2017 оны зуны улиралд нийт нутаг гандуу, гантай байсан учраас газар тариалангийн салбарт ургац алдах, бэлчээрийн гарц багасах нөхцөл үүссэнээс шалтгаалж өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс тэжээл бэлтгэх, импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэлх хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, үнийг тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд төсвөөс дэмжлэг үзүүлэхээр тодотголд тусгасан болохыг Сангийн дэд сайд танилцуулсан.

Мөн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж буй үйл ажиллагаа нь өргөжиж байгаа тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан болохыг танилцууллаа. Үүний зэрэгцээ өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг тусгаж, төсвийн зарцуулалтын үр ашиггүй байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зохицуулалтын шинжтэй зарим өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгасан байна. Мөн өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “барих-шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт, шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар төсөлд тусгасан гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа асуулт асууж хариулт авсан.

Мөн үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төсвийн алдагдлаа бууруулж, тэнцлээ сайжруулах асуудал хамгийн чухал. Хөрөнгө оруулалтын, зарим нэг концессын, шинээр ашиглалтад орох 60 объектыг энэ ондоо төлөвлөхгүй байх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс иргэдийн цалинг нэмэх саналтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хуримтлал үүсгэж, энэ удаагийн тодотголоор зарим хэрэгцээгүй зүйлсийг хасахыг санал болгов. Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тодотголыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Ингээд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа гишүүдийн саналыг нэгтгэж, дүгнэлт гарган Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээ мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж