Вакциныг хугацаанд нь хийлгэвэл дархлаа тогтоно

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Вакциныг хугацаанд нь хийлгэвэл дархлаа тогтоно

Optimus G өнгөрсөн сард LG компанид гуравдугаар улирлын ашгийг авчирлаа.

Хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан дархлаажуулалтын аравдугаар сарын 10-20-нд “Томууны  эсрэг дархлаажуулалт” арав хоногийн аян зарласан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын  мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй вакцин хийлгэхэд юуг анхаарах хэрэгтэй талаар ярилцаж, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмж авлаа.


-Дархлаажуулалтын арав хоногийн хугацаанд ямар ажил өрнөх вэ? Гол нь иргэд энэ аяныг хэр хүлээн авч, оролцоотой байна вэ?

-Жил бүрийн хавар, намрын улиралд дархлаажуулалтын өдрүүдийг зарлан, зохион байгуулдаг. Вакцин үйлдвэрлэгч орноос цувж ирж байгаа учраас бид  эхний ээлжинд  жирэмсэн ээжүүдэд, дараагийн ээлжинд эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчдыг энэ удаагийн аяны хүрээнд дархлаажуулалтад хамруулна. Мөн  дүүргүүдийн өвчлөлийн байдал, газрын нутгийн байршил зэргээс хамаарч, сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдэд 24 мянган тун вакцин, сургууль, цэцэрлэгийн багш  нарт 27 мянга орчим тун, эрсдэлт бүлгийн ажил эрхэлдэг Онцгой байдлын ерөнхий газар, Хил  хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн тээврийн газар гэх байгууллагуудад 15 мянга орчим тун  вакцин хийхээр төлөвлөж байна.

Нийслэлээс нийт 100 гаруй мянган тун хийх тушаал гарсан. Түүнээс гадна  энэ арав хоногийн хугацаанд ЕБС-ийн долоон настай хүүхдүүдэд сахуу, татрангийн вакцины нэгдүгээр тунг хийнэ. 15 настай хүүхдүүдэд сахуу, татран вакцины хоёрдугаар тун буюу дархлал сэргээх тунг, мөн улаан бурхнаас сэргийлэх вакциныг давхар хийнэ.

-Хаанаас авчирч байгаа вакцин бэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн АНУ, Австрали, Хятадад үйлдвэрлэгдсэн  вакцинуудыг хэрэглэж байгаа.

-Томууны вакцин хэдэн төрлийн  халдвараас хамгаалдаг юм бэ?

-Засгийн газраас баталсан заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд хүүхдүүд  хамрагдсанаар халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, 13 халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакцин хийдэг. Сүрьеэ, халдварт саа, В гепатит, А гепатитын  вакцин, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, улаан бурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакцин, сахуу татрангийн эсрэг гэсэн долоон төрлийн вакцин хэрэглэдэг гэсэн үг.

-Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдүүд нөхөн вакцинд хамрагдах боломжтой юу? Эцэг, эхчүүд  вакцинаас хоцорлоо гээд орхих тохиолдол байдаг.

-Боломжтой байлгүй яахав. Тухайн хүүхдийн наснаас шалтгаалаад тохирох вакциныг хийгээд явна. Эцэг, эхчүүд вакцинаас хоцорлоо гээд хаячихаж болохгүй ээ. Энэ талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.

-Хүүхдүүд товлосон хугацаанд тогтмол вакцинд хамрагдсанаар дунджаар хэдий хугацаанд дархлаа тогтдог вэ?

-Яг тогтсон хугацаанд вакцинд хамрагдсанаар 95-аас дээш хувийн дархлаа тогтох боломжтой гэж үздэг. Гэхдээ 15 жилийн  дараа нийт хүмүүсийн дархлалын түвшин буурах хандлага байдаг. Тэр үед нь нэмэлт вакцин хийснээр дархлалын түвшин тогтож эхэлдэг. Бүх вакцин 100 хувийн дархлаа тогтооно гэж байхгүй. Хүн бүрийн биеийн онцлог, идэж буй хоол хүнс, вакцин тарьж байгаа хүний арга техник зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад дархлал бага тогтох, огт тогтохгүй байх зэрэг асуудлууд гардаг. Сургууль, цэцэрлэгийн вакцин хийгдэж байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдэдээ томууны вакцин хийлгэе гэж бодож байгаа бол давхар хийгдэж байгаа вакциныг нэг өдөрт хийлгэх хэрэгтэй. Тодруулбал, томууны вакцин хийлгэх гэж байгаа бол товлолын вакцинтай нэг өдөр давхцан хийлгэх хэрэгтэй гэсэн үг юм. Эсвэл дараагийн вакцин хийлгэтэл нэг сар хүлээх хэрэгтэй. Нэг сарын дотор хоёр вакцин хийлгэвэл өмнө нь хийсэн вакциныхаа дархлааг алдагдуулдаг.

-Вакцин хийлгэсний дараа ямар дэглэм барьж, анхаарах ёстой вэ?

-Томууны вакцин хийлгэснээс 14 хоног юм уу, нэг сарын дотор дархлаа  тогтож эхэлнэ. Нэг сарын дараа бүрэн дархлаа тогтоно гэсэн үг. Ер нь  ихээр ажиглагддаг зүйл  гэвэл хүмүүс вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа  дархлаа тогтож эхэлж байхад нь ханиад  хүрчихдэг. Тэгэхээр энэ хугацаанд гам сайн барих хэрэгтэй. Олон нийтийн газраар явж байгаа бол амны хаалт зүүх, дулаан хувцаслах, гарын ариун цэвэр сахих, хүүхдийн дархлааг дэмжихдээ эмээр биш, хоол хүнсэндээ шим тэжээлтэй, жимсний шүүс зэргийг хэрэглэх хэрэгтэй. Хүүхдийн гарын ариун цэврийг маш сайн сахиулах нь чухал. Халдварын вирус гараар л дамждаг шүү дээ. Иймэрхүү энгийн зөвлөмжийг хэрэглэхээс гадна, дээр дурьдсанчлан хамгийн найдвартай арга бол вакцин  хийлгэх юм  шүү. Томууны вакцин хийлгэсэн тохиолдолд дархлаа нэг жил тогтоно. Дараа жил  нь өөр вирус эргэлтэд орж эхлэх учраас дахиад өөр вакцин хийлгэх хэрэгтэй.

-Хүний биеийн онцлогоос шалтгаалаад дархлаажуулалт хийсний дараа халуурах шинж тэмдэг илэрдэг. Энэ нь хэвийн үзэгдэл үү ?

-Томууны вакцин гаж нөлөө илрэх нь бага. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул эмч нар 15 минутын турш суулгаж ажигладаг. Мөн вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовуурь илэрдэг. Үүнийг вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэж болно. Энэ хариу үйлдэл нь нэг юм уу, хоёр хоногийн дараа арилдаг. Хэрэв үүнээс олон хоног болбол эмчид хандах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж