НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо 10 дугаар сарын 16-нд буюу “Дэлхийн хүнсний өдөр” хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв.
Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, мөргөлдөөн, байгалийн нөөцийн доройтол зэрэг нь ялангуяа хөдөөгийн иргэдийн шилжин суурьших гол нөхцөл болж байгааг улс орнууд тэмдэглэж, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг нийгмийн хамгаалалтай нягт уялдуулах шаардлагатайг онцлов.
ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг хэлсэн үгэндээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд Засгийн газраас “Эрүүл хүнс-Эрүүл хүн”, “Үйлдвэржилтийн 21:100”, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж, “Атрын гуравдугаар аян”-ыг үргэлжлүүлэхээр ажиллаж буйг танилцуулан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагатай салбарын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж буйг мэдээлэв. Түүнчлэн мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, мал аж ахуйн чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх нь тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.
Өнгөрсөн 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган”-аас эрх зүйн орчныг оновчтой болгох, хүнс үйлдвэрлэгчдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судлах, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалтыг сайжруулах, хүнсний талаарх хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж гаргасныг онцлов.
Эх сурвалж: ГХЯ