Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өнөөдөр /2017.10.18/ Монголын сэтгүүлчдийг Элчин сайдын өргөөндөө хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Ахмет Язал Монгол Турк хоёр улсын хамтын ажиллагаа, тулгамдсан асуудал хийгээд БНТУ-ын улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Турк улсын хэмжээнд тогтоосон онц байдлыг дахин гурван сарын хугацаагаар сунгах шийдвэрийг БНТУ-ын парламентаас өчигдөр гаргалаа. Онц байдал хоёр улсын харилцаа болоод Туркэд сурч, амьдарч буй монголчуудад нөлөөлөх үү?
-БНТУ-д онц байдлыг ямар үндэслэлээр зарласан талаар товчхон танилцуулъя. 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр төрийн эргэлт хийхийг завдсан хэрэг болоод түүний өмнө болсон удаа дараагийн халдлагуудаас үүдэн онц байдал зарлаад байгаа. АНУ-д суугаа турк иргэн Фетхуллах Гүлэний толгойлсон террорист бүлэглэл төрийн эргэлт хийхийг завдаж, Турк улсын төрийн тэргүүний амь насанд халдах оролдлого явуулсан юм. Туркийн Зэвсэгт хүчний дээд түвшний удирдлагаар удирдуулсан төрийн эргэлт хийх хэрэгт оройлон оролцсон 12 хүнийг саяхан шүүж, бүх насаар нь хорих ял оноосон.
Террорист бүлэглэлийн тарьсан балаг өнөө хэр үргэлжилсээр байна. Фетхуллах Гүлэний толгойлсон террорист бүлэглэлийнхэн тэртээх 1972 оноос хойш эгэл жирийн иргэд, аядуу зөөлөн, энгийн номхон шашны байгууллагын дүрээр Турк улсын бүхий л салбарт тэр дундаа цэрэг, цагдаа, хүчний байгууллагад шургалж амжсан төдийгүй эгэл иргэдийг олноор нь хилсдүүлж, олон мянган төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэн ажлаас нь халсан байдаг. Энэ бүхнийг засаж залруулах, шударга ёсыг тогтоохын төлөө Туркийн эрх баригчид, төр засгийн тэргүүнүүд идэвхийлэн ажиллаж байгаа. Нууц бүлэглэлийн гишүүд дэлхий нийтийн хэмжээнд эгэл иргэний дүрээр нуугдаж байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.
БНТУ-д тогтоосон онц байдал нь тус улсад зочилж, аялж жуулчилж, сурч боловсорч, амьдарч буй гадаадын иргэдэд тэр дундаа Монгол Улсын иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн хоёр улсын хамтын ажиллагаанд огтхон ч муугаар нөлөөлөхгүй. Турк улсын иргэдийн өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилж байгаа.
-Монгол Улсад ажиллаж буй турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг БНТУ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ шийдвэр гарах болсон шалтгаан юу вэ?
-Монгол Улсад турк сургууль гэх тодотголтой таван сургууль бий. Тэдгээр сургуулиудад Фетхуллах Гүлэний бүлэглэлтэй холбоотой хүмүүс багшилж, сургуулийн удирдах төвшинд ажилладаг нь тогтоогдсон учраас тэдгээр сургуулийн гэрчилгээг манай улсад хүлээн зөвшөөрөхгүйд хүрсэн. Ганц Монгол Улс биш дэлхий нийтийн хэмжээнд 160 гаруй улсад 800 гаруй сургууль байгуулж, тэндээс тодорхой хэмжээний санхүүжилт босгож байсан нь тогтоогдсон. Тийм учраас турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг БНТУ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргахад хүрсэн. Фетхуллах бүлэглэл нь зөвхөн сургууль төдийгүй нийт 500 гаруй компани байгуулж, 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшдэг болох нь тогтоогдсон. Тэдгээрт нийтдээ 100 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байна.
Гэхдээ бид тэдгээр сургуульд суралцагч хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийг хохироохгүйгээр асуудлыг шийдэхийг тулд гарц хайж байна. Энэ тухай Монголын төр засгийн удирдлагуудтай ярилцаж байгаа. Эдгээр сургуулийг шууд хаая гэсэн саналыг бид огт тавиагүй. Эдгээр сургуулийн сургалтын чанарыг алдуулалгүй үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, гагцхүү тэнд ажиллаж буй нууц бүлэглэлийн гишүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохыг л чухалчилж буй юм.
-Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ямар төвшинд байна вэ. Өргөтгөх боломжийг хэрхэн харж байна вэ?
-Хоёр улсын хамтын ажиллагаа маш өндөр төвшинд хүрсэн. Харамсалтай нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа энэ хэмжээнд хүрэхгүй байгаа. Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 300-500 сая ам.долларт барих зорилго бий. Гэвч бодит дүн 25-35 сая ам.доллараар хэмжигдэж байна. Гадаад худалдааны эргэлтэд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг ч энэ бүхнийг бүрэн шийдэх боломжтой. БНТУ-ын бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсад бизнес эрхлэх нь ашиггүй гэж үзэх нь элбэг. Үүнийг залруулахын төлөө би ажиллах болно. Монголын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулах боломжтой гэдгийг ойлгуулахыг хичээж байна. Мөн барилгын зах зээл, дэд бүтцийн салбарт Туркийн компаниуд ажиллах боломж байдаг. Үүний тулд Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ богино хугацаанд давж гарах нь чухал байгаа.
Дараагийн тулгамдсан гол асуудал нь тээврийн асуудал. Үүнийг бид ойрын нэг сарын хугацаанд шийдчих байх гэж итгэж байна. Турк улсын хувьд аливаа улс оронтой гадаад худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд Туркиш Эйрлайнсийн шууд нислэгээр холбогдох, тухайн улсад Турк улс дипломат төлөөлөгчийн газартай байхыг чухалчилдаг. Гадаад худалдааны хоёр хөлт системээр бол Монгол Улсад 1,5 хувийн боломж байна гэсэн үг. Хэдийгээр хоёр улсын хооронд манай улсын Туркиш Эйрлайнс компани нислэг үйлдэж байгаа ч хараахан шууд нисч амжаагүй байна. Бишкекээр дамжин нисч байгаагаас хугацаа алдах, ачаа тээвэрт хүндрэл учрах, нислэгийн үнэ өндөр тусах зэрэг бодит бэрхшээл байна.
Хоёр улсын иргэний нисэхийн салбарт хамтарч ажиллах хэлэлцээрт Туркиш Эйрлайнс компани долоо хоногт 500 зорчигч тээвэрлэх квот тогтоосноос болж, Туркиш Эйрлайнс нислэгийн тоо болоод багтаамж сайтай онгоцоор нислэг үйлчлэх боломжийг хязгаарласан байдаг. Истанбул Улаанбаатарын хооронд шууд нисэхэд зургаан цаг зарцуулах бол Бишкекээр дайрч нисэхэд 11 цаг зарцуулдаг. Мөн ачаа тээвэрлэх боломж тун хомс. Би л гэхэд Элчин сайдаар томилогдон ирэхдээ ачаа тээшээ Туркийн онгоцоор авчирч чадаагүй.
Хэрэвзээ Истанбул Улаанбаатарын хооронд өдөр тутам шууд нисвэл Монголд ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Монгол Турк хоёр улсын хооронд түүх соёлын нандин холбоо бий. Өчигдөр л /2017.10.17/ гэхэд Булган аймагт Түрэгийн үеийн нэн эртний бунхан олдлоо. Түүнээс өмнө нээж илрүүлсэн Түрэгийн үеийн түүх дурсгал олон бий. Орхоны хөндийн хөшөө дурсгал болоод Налайх дүүрэгт байх мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө, дурсгалд ирж мөргөх хүсэлтэй олон турк хүн бий. Тиймээс шууд нислэг нэгдүгээр асуудал мөн. Тойруу замын нислэг өртөг өндөртэйн хэрээр аялал жуулчлалын багц үнэ өндөртэйд тооцогдож байгаа. Жишээлбэл, Турк улсаас Алс Дорнод руу аялахад 3-4 мянган ам.доллар байхад Монгол руу 1200 ам.доллараар ирж байгаа нь үнэтэйд тооцогдож буй юм.
-Шууд нислэгийн асуудлыг шийдчихвэл манай улсад эдийн засгийн ямар боломжууд нээгдэнэ гэж тооцож байгаа вэ?
-Хамгийн наад зах нь билетийн үнэ 25-30 хувиар буурна. Ачаа тээврийн нислэг нэмэгдсэнээр Туркээс Монгол руу ирэх ачааны өртөг буурахын сацуу Монголоос Турк руу арьс шир гэх мэт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт өснө. Монгол Улсад ирэх жуулчдын тоо 30-40 мянгаар нэмэгдэж, эдийн засгийн эргэлт 100-150 сая ам.доллар болж өсөх магадлалтай гэж тооцож байгаа. Иргэний нисэхийн салбарт ч харилцан ашигтай гэрээ хэлэлцээ байгуулах боломж бий.