Сэтгүүлийн нүүрэн дэх алуурчны зураг ба шүүмж

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Сэтгүүлийн нүүрэн дэх алуурчны зураг ба шүүмж

Исгэлэн гурван жимс боловсорч гүйцээд удаж буй, уг нь.

Францын хөгжмийн “Les Inrockuptibles” нэртэй сэтгүүл нүүрэндээ найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ял эдэлсэн рок дуучны зургийг нийтэлснээс болж багагүй шүүмжлэлд өртөж байна. 

Рок дуучин Бертран Канта 2003 онд найз бүсгүй болох жүжигчин Мари Трентиньяныг хөнөөсөн хэргээр найман жил шоронд хоригдох ял сонсож, дөрвөн жилийг торны цаана өнгөрүүлсэн юм.

Шүүх хурал дээр Бертран Мариг толгойд нь олон удаа цохиж, ухаан алдуулснаас хойш хэдэн цагийн дараа түргэн тусламж дуудсан гэж мэдүүлжээ. Мари Трентиньян эмнэлэгт ухаан орохгүй байсаар нас барсан байна. 2007 онд өршөөлөөр суллагдсан Канта одоо шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Твиттерчид сэтгүүлийн редакцийг алуурчны зургийг нийтлээд зогсохгүй шинэ цомгийг нь сурталчилж байгааг жигшүүртэй хэрэг гэж шүүмжилсэн байна.

Францын “Elle” сэтгүүл үүний хариу болгож, Маригийн нэрийн өмнөөс хэмээх хохирогч бүсгүйн зурагтай тусгай дугаар гаргасан гэнэ. “Elle” сэтгүүл “Мари Трентиньян Бертран Кантагийн гарт амиа алдсан. Өнөөдөр түүний төрх хүчирхийлэгчдийн гарт амиа алдсан олон хохирогч бүсгүйчүүдийн бэлгэ тэмдэг боллоо” гэж бичжээ.

Францад өнгөрсөн жил 126 бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсаныг сэтгүүлд бичсэн байна.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж