БТСГ-ын дарга Кубын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга Кубын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр /2017.10.18/ Спортын төв ордны хурлын танхимдаа Бүгд найрамдах Куба улсын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Консепсионыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Кубын Гавана хотод тус улсын Спорт, биеийн тамирын боловсрол, амралтын хүрээлэнгийн ивээл дор зохион байгуулагдах Биеийн тамир, спортын олон улсын VII хурал (AFIDF-2017)-ын талаар Элчин сайд Р.Консепсион мэдээлэл өгсөн юм.

Тус хурал ирэх сарын 20-24-нд болох бөгөөд энэ хүрээнд спортод тулгамдсан олон төрлийн сургалт болж, спорт холбоодын багш, дасгалжуулагч, арга зүйч, судлаач нарын дунд хурал өрнөх юм байна.   Иймд уг хуралд БТСГ-ын дарга Ц.Шарамжамцыг хүндэтгэн урьсан бөгөөд газрынхаа мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг оролцуулахыг хүслээ. Үүний араас Ц.Шаравжамц дарга тус улсын багийн спорт (Волейбол, хөлбөмбөг, сагсан бөмбөг)-ын төрөл дээр хамтарч ажиллах санал гаргасан. Хариуд нь Элчин сайд Р.Консепсион Монголд волейболын өндөр туршлагатай дасгалжуулагч авчирч ажиллуулах боломж байгааг дурдлаа. Тус улс нь волейболын спортоор олимп, дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлдэг, тухайн улсын онцлох спортын төрөл юм. Үүнээс гадна хоёр улсын топ спортын төрөлд багтдаг чөлөөт бөх, бокс, жүдогоор хамтран бэлтгэл цугларалт зохион байгуулах боломж бий. Тэр дундаа дэлхийд өндөр үнэлэгддэг Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг Куба улсад урьж, хамтарсан бэлтгэл, тэмцээн уралдаанд оролцуулахыг хүссэн.

Эх сурвалж: БТСГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж