УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн өнөөдөр (2017.10.18) БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн үнэлгээний багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хамтарсан “Цахим парламент” төслийн хэрэгжилттэй танилцаж, санал бодлоо солилцсон юм.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны болон Байнгын хороодын хуралдааны танхимуудыг программ хангамж, дуу, дүрсний системээр шинэчлэн тоноглосноор хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсныг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн онцоллоо.
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал цаашид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үйл явцад программ хангамж ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Ү Дун Ван, тус хүрээлэнгийн судлаачдын зөвлөлийн гишүүн Пак Гуан Дун, УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нарын зэрэг хүмүүс байлцав.
Уулзалтын дараа КОИКА-гийн үнэлгээний багийнхан хуралдааны танхимуудтай танилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.