Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд Монголын сагсан бөмбөгчид өндөр амжилт үзүүлж эхэлж байгаа энэ цаг үед эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах боломж таарч байна.
Улаанбаатарт 2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцоно.
Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм.
Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд олон амжилт гаргаж, Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшлан, 35 дугаар байрт эрэмбэлэгдээд байна.
Б.ЭНХ