Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ? Энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазарыг онцолж байна.
Түүнийг нэг хэсэгтээ л Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын аварга Сумъяабазар аа… манлайлан дэвэгч… гэж цолоо дуудуулсаар явна гэж сэтгэж явснаас “Уул уурхайн сайд аа…” гэж хэлүүлэн, дарга даамлыг долдойлгосон улс төрч гэгдэнэ чинээ хэн ч санаагүй биз. Арав даван түрүүлж, ард түмний уухайн дуу, Ерөнхийлөгчийн зүг “аварга цолоо өгөөч ээ” хэмээн давшилсан их түрлэгийн дор Монгол Улсын аварга цолыг хүртсэн Долгорсүрэнгийн Сумьяабазар улс төрд хөл тавиад арваад оныг үдэж. 2006 оны баяр наадмаар тийн түрүүлснээс хойш хоёр жил улсын наадамд зургаа даваад, дахиж барилдаагүй санагдана. 2008 онд Нийслэлийн ИТХ-д сонгогдоод л улс төрд шуударсан тэрбээр УИХ-ын гишүүний суудалд хоёр дахь удаагаа тухалж буй.
Бөх хүн сайд болж болохгүй гэсэн хууль байхгүй. Харин ч тив дэлхийн хүчитнүүдтэй гар зөрүүлж, хүчийг үзэж явсан хүний хувьд эх орны нэр гэдэг ямар үнэ цэнтэйг тэр мэднэ. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтойн дээр тулааны спортоор ч нүдэлдэж үзсэн хүн. Багадаа дүү нартайгаа ноцолдож, дараахан нь Монголын болон дэлхийн хүчитнүүдтэй бярыг үзэж, хожмоо УИХ-д суудал засав. Харин энэ цагт Уул уурхайн сайдаар тохоогдож, улс төрд нэг даваа ахив. Гэвч энэ нь түүнд үүрэг, хариуцлага, ухамсар, өндөр сахилга батыг давхар үүрүүлж байна. Уулыг өргөх хүчтэн маань Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг тэргүүлэн тус салбарын зүг чигийг заах нь.
Өнөөх хэл амны бай Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн эздээс эхлээд энгийн жижиг ордны “нинжа” нарыг тэр хамаарч байгаа юм. Эх орныхоо эд баялгийн шимийг хэн хэнд хүртээхийг мөн мэднэ гэсэн үг. Мэдээж түүний амьдралын түүхийн дийлэнхийг бөхийн түүх нь эзэлчихээд байдаг учир Улс төрийн замнал нь одоохондоо товч л доо. Дээр дурдсанчлан НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын хорооны Нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн намын хороон дарга,.. УИХ-ын гишүүн гэсэн товчхон анкет л дурдагдахаар. Харин нарийн өгүүлбэл олон зүйл багтана. Д.Сумьяабазарыг сайн менежер гэж ярих нь бий. Аливаа зүйлийн арга эвийг олохдоо гаргууд, өөрийн гэсэн удирдах арга барилтай хүн ч гэдэг л дээ. Тэр чанараа ашиглаж ажиллах биз. Мөн түүнд өөр нэг сайн чанар бий. Тэрбээр монгол бөхийн зүлэгт ногоон дэвжээнээ зодоглохдоо шударга барилдаж ирсэн сайхан чанартай.
Д.Сумъяабазар гэх энэ хүн өөрийн гэсэн мөн чанартай нь амьдралынх нь түүхээс харагддаг. Дээр дурьдсан бөхийн найрааны тухайд гэхэд л нэгэн удаа хэн нэгэнтэй зөрөхдөө “болиоч гэж хэлээч цаадахдаа” гэж хэлсэн нь ам дамжин яригддаг. “Мөнгө амлуулж” барилдаад унаж өгөх гэж байгаа тухай асар дамжсан сургийг сонсоод тэгж уцаарлаж. Сонгинохайрхан дүүргийн МАН-ынхан эв түнжингүйтэж тамга тэмдэгний асуудалтай орооцолдсон цаг үед Д.Сумъяабазар тэднийг нэгэн зангилаанд бөхлөж, УИХ-ын сонгуульд хөтлөн орж байлаа. Эгзэгтэй тэр мөчид МАН-ынхан СХД-т ойрд үзэгдээгүйгээр илт илүүрхсэн нь явж, явж Сумъяабазарын л гавьяа юм.
Тус дүүрэгт үнэндээ МАН-ын нэр шороотой хутгалдчихсан байхад тэр өөд нь татаж намаа сонгуульд ялуулахад өндөр хувь нэмэр оруулсан байдаг. Богино хугацаанд, “богино” зайд амжилттай урагшилж яваа шилдэг улс төрч гэвэл тэр. “60 тэрбум”-ынханаас жийрхэж байсан нь Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатарын “Сумъяаг бол элэгдэнэ штээ…” гэх маягийн үгнээс илэрдэг. Тийм ч учраас мэргэжлийн Засгийн газрыг огцруулаад биечлэн оролцохоор зориглож гарын үсгээ зурсан байх нь. Жирийн хорчинд элэгдүүлэх нь бүү хэл улсын цолтонд элэгбүсдүүлээд байдаггүй Д.Сумъяабазар ямартаа ч “жин өгсөж” уул уурхай, хүнд үйлдвэртэй ноцолдохоор боллоо.
З.Говьсайхан
Эх сурвалж: Zindaa.mn