Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/-ны 2017-2018 оны улирлын шинэ тоглолт өнөөдөр /Монголын цагаар/ эхэлж байна.
Шинэ улирлыг нээж, өнгөрсөн жилийн дэд аварга “Кливлэнд Кавальерс” баг талбайдаа “Бостон Селтикс”-ийг хүлээн авч тоглосон.
2011 оны драфтын тэргүүн сонголтоор “Кавальерс”-т очиж байсан Кайри Ирвинг анх удаа өөр багийн өмсгөлтэй талбайдаа эргэн ирсэн юм. Ирвингийг эгнээндээ нэгтгэхээр “Селтикс” Айзея Томас, Жей Краудер, Анте Зизич бас дээр нь драфтын хоёр ч эрхээр наймаалцсан билээ.
Тоглолт 102:99 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн. Зүүн хөлийн шагайгаа гэмтээж, нээлтийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй гэгдэж байсан Леброн Жеймс багаа манлайлж, 29 оноо авчээ. Зөвхөн дөрөвдүгээр үед тэр 13 оноо авсан байна. “Кавс”-аас Кевин Лав 15, тус багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн Деррик Роуз 14 оноо авчээ.
Эсрэг багаас Ирвинг 22 оноо авсан бол Жейлен Браун 25 оноогоор багаа тэргүүлсэн байна.
Тоглолт эхлээд дөнгөж тав дахь минутад “Селтикс”-ийн шинэ цэрэг Гордон Хэйворд зүүн хөлдөө хүнд бэртэл авч, талбайг чөлөөлсөн нь шинэ улирлын анхны таагүй мэдээ байлаа. Хожим багийн удирдлагаас өгсөн мэдээллээр Хэйвордын зүүн хөлийн шагайны яс цуурсан, хэзээ талбайд эргэн гарах нь тодорхойгүй байна. 27 настай Хэйворд энэ жил “Бостон Селтикс”-тэй дөрвөн жилийн хугацаатай, 128 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ.
NBA-ын шинэ улирлын өдөр хоёр тоглолт болох хуваарьтай байгаа. Одоо NBA-ын талбайд өнгөрсөн улирлын аварга “Голден Стейт Варриорс” ба “Хьюстон Рокетс” багийн тоглолт үргэлжилж байна.
Сонирхуулахад, шинэ улирлын тоглолт эхлэхтэй зэрэгцээд энэ жил NBA-д өөр улсын иргэншилтэй, 42 орны 108 легионер тамирчин тоглох болсныг албан ёсоор зарлажээ.
С.ЦЭЛМЭГ