Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг шүүнэ

УИХ-ын сонгуулийн арав дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас нэр дэвшигчдийн хэн нь өвөрхайнгайчуудыг төрд төлөөлөхөөр тангараг өргөх нь тодорхой болоогүй байгаа.

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу салаавч гарган, танхайрсан Ц.Баярцогтыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 14 хоног саатуулсан. Өнөөдөр /2017.10.18/ Ц.Баярцогтын өмнө нь холбогдсон залилангийн хэргийг шүүх хурал Сэлэнгэ аймагт болно.  

Ц.Баярцогтын холбогдсон залилангийн хэргийн анхан шатны шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны долдугаар сарын 4-ний өдөр анх болжээ. Ц.Баярцогт тухайн үед батлан даалтад гаргаж өгөхийг шүүхээс хүссэн бөгөөд хүсэлтийг  Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн шүүх хүлээн авч, батлан даалтад гаргасан аж.

Гэтэл цагдаад танхайрсан үйлдлээрээ олонд танигдсан гэж болох Ц.Баярцогт өмнө нь буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэгт иргэн А-г гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тухайгаа нуун дарагдуулж, шүүхэд худал мэдүүлэг өгсөн байжээ. Үүнийг хожимдож мэдсэн Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Ц.Баярцогтыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргаж, цагдаа руу салаавч гаргасан үйлдлийн дараа түүнийг саатуулсан юм. 

Ингээд Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх тов гаргасан ч шүүгдэгчдийн нэг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул ийн өнөөдрийг хүртэл хойшилсон байв. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Баярцогтод хамаарах төрийн алба хаагч руу салаавч гаргаж, танхайрсан үйлдлийг нь хэлэлцэх шүүх хурлын тов гарсан байсан ч үүнээс  өмнө  холбогдсон залилангийн хэргийг эхлээд шүүх нь зөв гэж үзжээ. 

Ц.Баярцогт цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй гэж татгалзаж, маргахдаа “Танай цагдаа намайг зогсоочихоод байна” хэмээн цагдаагийн хурандаа нар руу ярьсан нь бичлэгт үлдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт хийж, Замын цагдаагийн албаны хоёр,  Иргэдэд үйлчлэх төвийн нэг хурандаагаас тайлбар авчээ.

Тухайн үед Замын цагдаагийн албаны хурандаа “Чиний буруу, уучлал гуйгаад явахаа бод. Манай алба хаагчтай ёс зүйгүй харилцсан асуудалд чинь би тусалж чадахгүй” гэж хэлсэн талаараа мэдүүлжээ. Харин Иргэдэд үйлчлэх төвийн хурандаа тусгай дуут гэрэл дохионы зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар өгсөн аж.

Тусгай дуут дохиог яагаад банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй машинд олгосныг нягтлахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн байхдаа 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” машинд цэнхэр өнгөтэй гэрэл ашиглах зөвшөөрөл авсан байсан нь тогтоогдсон ба Ц.Баярцогтод машиныг шилжүүлэхдээ тусгай дуут дохионых нь зөвшөөрлийг цуцлуулаагүй байсан гэсэн мэдээлэл бий.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж