Амьтны үс ба дэлхийн чиг хандлага

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Амьтны үс ба дэлхийн чиг хандлага

Гэр хорооллын айл өрхүүд цэвэр бохир усны сүлжээнд холбогдож, нэгдсэн халаалттай болно.

Жилд 50 тэрбум толгой туулай, 50 сая булга, дөрвөн сая үнэг зөөлөн, дулаан үстэйнхээ төлөө ЗАГВАРЫН ЗОЛИОС болдог. Тэднийг зориудаар фермийн нөхцөлд үржүүлж, эцэст нь хүзүүг нь мушгих, хийгээр хордуулах, тогонд цохиулах гээд аль болох хямд төсөр бөгөөд гоё сайхан арьсыг нь сэвтээж, муутгахгүй байх аргаар амийг нь тасалдаг. Гэтэл ярайтал эгнүүлэн өрсөн жижигхэн торон дотор үхлээ хүлээж суугаа тэдэнд өөрийгөө гэмтээх, хазах, үсээ зулгаах зэрэг амьтанд илэрч болох стрессийн бүх хэлбэр мэдэгддэг гэнэ. Харин онгон зэрлэг байгалиас барьсан үслэг амьтад өлсөх, цангах зэргээр удаанаар тарчилж үхдэг. Энэ бүгд ердөө л чамирхаж, дэгжирхэх дуртай хэн нэгний өвлийн гоёлыг бэлтгэхийн тулд гаргаж буй яргалал юм. Амьтны эрхийг хамгаалах байгууллага, дэмжигчид үүнийг ан амьтдын эсрэг терроризм гэж нэрлэдэг. 

Дэлхийн олон оронд, ялангуяа Азид үслэг эдлэл, ангийн үс гэдэг тансаг хэрэглээ, нийгмийн байр суурь, зэрэг зиндааг илтгэх чухал индикатор хэвээр байсаар л байгаа. Монгол хүүхнүүдийн хувьд ч ялгаагүй. Ноднин өмссөн булган шубаа энэ жил дахиад нөмрөхгүй гэхдээ хүйтнээс урьтаж Манжуурыг зорьдог цөөнгүй хүнийг би хувьдаа мэдэх юм. Хятад улс энэ салбарын гол тоглогч нь. Үслэг эдлэлийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хамгийн том нийлүүлэгч орон гэдэг нь гарцаагүй.

Үргэлж маргаантай сэдэв байж, шүүжлэлийн бай болсоор ирсэн үслэг эдлэлийн хэрэглээг бүрмөсөн хориглосон Британи, Нидерланд, Австри гээд хэд хэдэн улсыг нэрлэж болно. Гэсэн ч дэлхийн үслэг эдлэлийн зах зээлд жилд дунджаар 40 тэрбум ам.доллар эргэлддэг гэх тооцоолол бий. Хар зах дээрх далд наймааг оруулж тооцвол дээрх дүнг дахиад бүтэн нугалж болно. 2016 онд Нью-Йорк, Лондон, Милан, Парис гээд дэлхийн загварын төв болсон гол дөрвөн хотын намрын шоунд оролцсон дизайнеруудын 73 хувь нь бүтээлдээ ямар нэг байдлаар үслэг эдлэл оруулсан байв.

Хиймэл үс ба жинхэнэ үс

Ангийн үсээр дэгжирхэх энэ харгис хандлагын эсрэг дэлхийд зартай загварын ордон, дизайнер, томоохон сүлжээ дэлгүүрүүд үслэг эдлэлээс татгалзах бодлого баримтлах болов. Хамгийн сүүлд Италийн тансаг зэрэглэлийн брэнд Gucci хэдхэн хоногийн өмнө амьтны үснээс татгалзах болсноо албан ёсоор зарласан. Өнгөрсөн жил Giorgio Armani, түүнээс өмнө Hugo Boss, Ralph Lauren, Vivienne Westwood гээд загварын “акулууд” цаашид үслэг эдлэл бүхий хувцас загвар үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ алхмын анхдагчаар нь Calvin Klein-ыг нэрлэдэг. 1994 оны эхээр тэд аль ч шатанд ямар ч төрлийн амьтны үс хэрэглэхгүй байхаар шийдсэн гэдэг. Английн дизайнер Стелла МакКартни мөн 2001 онд өөрийн нэрээр нэрлэсэн загварын брэндээ танилцуулсан цагаас эхлэн хэзээ ч үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байхыг зорилгоо болгожээ.

Хиймэл үсэн эдлэлээр гоёсон одод

Хойд Америк болон барууны чиг хандлага ийнхүү үслэг эдлэлээс татгалзаж эхэлсэн нь олон нийтийн дэмжлэг болоод одод, олны танил эрхмүүдийн сонголттой холбоотой гэгддэг. Түүнчлэн техник, технологийн хөгжлийг дагаж, амьтны үсээс гологдохооргүй байдлаар хиймэл үс үйлдвэрлэх боломж бүрдсэн нь том давуу тал юм. Хямдхан, чанаргүй, үзэмжгүй гэгддэг байсан хиймэл үс одоо бол загварын чухал элемент, харин ч сонин содон, цаг үеэ дагасан загварын салшгүй нэгэн шийдэл болжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж