Лу.Гантөмөрын саналыг хууль болгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Лу.Гантөмөрын саналыг хууль болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр өргөн барив. Хуулийн төсөлд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримталж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр заажээ. Тухайлбал эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах сүлжээ болон гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг өргөтгөх, хүч чадлыг нэмэгдүүлэх, гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах, түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзах, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксон болон хийн түлшний хэрэглээнд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулахаар  тусгажээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ гэжээ.

Оны өмнө УИХ-аас Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолыг батлах үед гишүүн Л.Гантөмөр ахуйн хэрэглээний шөнийн цахилгааны үнийг 0 төгрөгт шилжүүлэх санал гаргасан. Энэ саналыг УИХ бүрэн дүүрэн дэмжээгүй хэдий ч шөнийн цахилгааны үнийг тэглэх саналыг нарийвчлан судлах үүргийг Эрдэс, баялаг эрчим хүчний яамныханд өгсөн билээ. Энэ нь Улаанбаатарыг утаж байгаа гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах, ингэснээр утааг багасгах зорилготой. Тиймээс саяхан гэр хорооллын айлуудаар өөрийн биеэр явж, байдалтай танилцсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулав. Үүндээ гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих, үүний тулд айл өрхийн шөнийн хэрэглээний цахилгааны үнийг бууруулах саналыг тусгасан байна.

Б.ЗАЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж