ШИНЭ НЭР: Залуу маэстро Б.Анар

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

ШИНЭ НЭР: Залуу маэстро Б.Анар

 “NEWS” агентлагийн “Шинэ нэр” булангийн зочноор ОХУ-ын Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр суралцаж буй Б.Анар уригдлаа. Тэрбээр одоо Улсын филармонд гэрээт удирдаачаар ажилладаг. 

БАЯРХҮҮ АНАР: 1985.02.07

Төгссөн сургууль:

Хөгжим, бүжгийн коллеж, төгөлдөр хуур хөгжмийн анги /1992-2000 он/

ОХУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дунд сургууль /2000-2001 он/

Украины Киев хотын Хүүхдийн урлагийн академи /2001-2002/

Соёл урлагийн их сургууль, төгөлдөр хуур хөгжмийн анги /2002-2006 он/

Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр суралцаж буй  /2013 оноос/

Мэргэжил: Төгөлдөр хуурч

Одоо эрхэлж буй ажил: Улсын филармонийн гэрээт удирдаач

Сошиал хуудас: Anar Bayarkhuu /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ 

-Би анх долоон настайдаа, 1992 онд Хөгжим, бүжгийн коллежид элссэн. Дараа нь 1999 оны сүүлчээр ОХУ-ын Екатеринбург хотод хөгжмийн дунд сургуульд суралцсан. Өөрөөр хэлбэл, тэнд бүрэн дунд боловсролтой болсон гэсэн үг. Орост сурч байхдаа сонгодог төгөлдөр хуураас гадна хөгжмийн зохиолчийн ангид давхар сурдаг байлаа.  10 дугаар ангидаа Өсвөрийн хөгжмийн зохиолчдын уралдаанд гуравдугаар байр эзэлж, Украины Киев хотын Хүүхдийн урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнуулсан нь надад том боломж болсон юм. Тухайн үедээ хувийн зардлаар явахад хүндрэлтэй байсан ч аав, ээж маань “Ганц хүүгээ сургана” гээд зүтгэсэн. Миний хувьд тэр тэмцээнд оролцсоноор амьдралдаа анх удаа ойлгож мэдэрсэн их том урам байсан гэх үү дээ. Монголдоо эргэж ирээд, Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч Т.Цолмон багшийнхаа шавь болсон. Сургуулиа төгсөөд олон ч ажил хийсэн дээ. Филармонид Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгчтэйгээ хамт концертмейстерээр хэсэг зуур  ажилласан. Мөн амьд хөгжмийн “Лемонс”, “Пауз” зэрэг хэд хэдэн хамтлагт даралтат хөгжимчин байлаа.

 

ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЗАЛУУ ЯАГААД УДИРДААЧ БОЛОХООР ШИЙДЭВ?

-Миний даралтат хөгжимчнөөр ажилладаг “Пауз” хамтлаг Улаанбаатар чуулгад орохоор болсон. Тэгээд надад мэргэжлийн төгөлдөр хуур хөгжмийн гоцлоочоор ажиллах саналыг тавьсан. Тэр үед Улаанбаатар чуулгад ажиллахын хажуугаар хөгжмийн найруулга хийдэг байлаа. Чуулга дэргэдээ жижиг жазз оркестртой байсан. Одоо бодоход тэр үеэс л удирдаач болох гараагаа эхэлсэн юм шиг санагддаг. Би дараа жилээс нь Улаанбаатар чуулгаас гарч, Улсын филармонид хөгжмийн найруулагчаар ажилд орсон. Энэ үедээ бол харин жинхэнэ удирдаж эхэлсэн дээ.

Өөрөө хөгжмөө найруулаад, маэстро Н.Бүтэнбаяр гуай, удирдаач Д.Нямдаш, Б.Лхагвасүрэн ах нарт схем үзүүлдэг байлаа. Өөрөө хөгжмөө ноотолж, найруулж байхдаа удирдаач яг схемээр ингэж удирдаад, ингэж хэмжээгээ авч байна гэдэг анхан шатны мэдэгдэхүүнийг олж авсан. Яваандаа удирдаж болохоор юм шиг санагддаг боллоо. Заримдаа удирдаач яг миний хүсэж байсан шиг хэмнэлийг өгөхгүй байгаа ч юм шиг санагдах үе бий. Тэгж яваад л удирдаач болох бодолд хөтлөгдсөн байх. Би 2012 онд ОХУ-ын хөгжмийн томоохон дээд сургуульд улсын тэтгэлгээр суралцахаар удирдаачийн шалгалт өгч, тэнцсэн. 2013 оноос Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр суралцаж байна.

МЭРГЭЖЛИЙН УДИРДААЧ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?  

-Гол нь уран сайхны өргөн ойлголттой байх шаардлагатай. Удирдаач хүн аливаа юмыг гоо зүйн талаас нь нарийвчлан харж чаддаг байх ёстой. Яг л уран зураг шиг. Хөгжим дээр ч гэсэн удирдаач хүн нот болгоныг сонсож, бүгдийг нь гярхай мэднэ. Тэнд нэг хөгжимчин алдаж байвал сонсоно. Бас сонсголын орон зайн мэдрэмж, өнгө алдалтыг ялгаж чаддаг байх шаардлагатай. Итали, Орос, Герман улсын сонгодог урлагийн хөгжмийн хэллэгийг монгол хэл рүү зөв орчуулж, ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл “Алегро” гэдэг үг “Хурдан” гэсэн утгатай. Хөгжмийн хэллэгээр “Хурдавтар” гэсэн утгатай гэдэг ч юм уу. Удирдаач хүн сонгодог урлагийн өндөр боловсролтой, бүр төгс боловсролтой байх үүрэгтэй.

ДОХИУРЫН ХӨДӨЛГӨӨН ХЭЛТЭЙ. ТЭР ХЭЛИЙГ ҮГЭЭР ТАЙЛБАРЛААЧ? 

-Удирдаач хүн бүр өөр өөрийн онцлогтой. Уг нь маш ойлгомжтой л доо. Хүмүүс удирдаачийн гарын хөдөлгөөнийг тэр бүр ойлгодоггүй. Хүн амьсгалдаг шүү дээ. Хурдан гүйхээр хурдан амьсгална. Хүний зүрхний хэмнэл, сэтгэлийн хөдлөл бүр гартай холбоотой байдаг. Биеийн хэмнэлийг гар илэрхийлдэг гэсэн үг. Хүний айж түгших, тайвшрах, сэтгэл хөдлөл, амьсгалах хэмнэл гараар дамждаг. Үүнийг удирдаач хийдэг. Хүний царай хөгжмийн сайхан аялгууг харуулж байдаг бол гарны хөдөлгөөн зүрхний хэмнэлийг өгүүлдэг гэж хэлэх гэсэн юм.

ТАНЫ АРГА БАРИЛ, АЖИЛЛАХ ЗАРЧИМ? 

-Би сэтгэлийн хөдлөл ихтэй. Жүжигтээ хэт орчихдог жүжигчин байдаг шүү дээ. Миний хувьд хөгжимдөө хэт гүнзгийрч орох тал бий. Хөгжимдөө орчихоор нарийн зүйлсээ орхичих гээд байдаг. Мөн аливаа ажлыг яг цагт нь хурдан хийхийг эрхэмлэдэг.

УДИРДААЧ ХҮНД ГАР ИХ ЧУХАЛ БАЙХ?

-Гар маш чухал. Бүр гоё гартай, онцгүй гартай гэж ирээд л биднийг ярьдаг. Зүгээр хэмжээ өгөөд хэн  ч удирдаж чадна. Мэргэжлийн удирдаач хүний гар хөгжмийн нюанс, дуугаралтын уян хатан хэлбэлзлийг өгч байдаг. Удирдаач мэргэжлийн шалгалт өгөхөд тухайн хүний гар, сонсгол гэх мэт олон талыг хардаг. Тэрнээс биш хүн бүр удирдаач болъё гээд болчихгүй л дээ.

ЯАГААД ЭМЭГТЭЙ УДИРДААЧ ХОВОР БАЙДАГ ЮМ БОЛ?

-Европт эмэгтэй удирдаач цөөнгүй бий. Гэхдээ тэд ихэвчлэн хоорын удирдаачаар ажилладаг. Удирдаач мэргэжилтэй, мэдлэгтэй эмэгтэйчүүд бас ч тийм цөөн биш. Манай ангид л гэхэд Солонгос, Кипр, Унгар улсын эмэгтэй оюутнууд удирдаачаар суралцдаг. Эмэгтэй удирдаач харьцангуй цөөн байдгийн учир нь хөгжмийн зохиолчид өөрсдөө эрэгтэй хүмүүс байдагтай ч холбоотой байх. Тийм учраас ихэвчлэн эрчүүд удирдаачаар ажилладаг юм болов уу.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би гэрэл зургийн өргөн мэдлэггүй ч кино найруулагчдын хэрэглэдэг дурангаар байгалийн үзэсгэлэнт сайхан газруудыг судалж, зураг дарах, аялах дуртай. Бас сагсан бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн спортоор хичээллэнэ. Ширээний теннисийн “Оч” клубт хичээллэдэг. Ажилдаа орчихсон болохоор сүүлийн үед төдийлөн зав гарахгүй л байна.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би өнгөрсөн гурван жилд ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурь, симфонийн удирдаач, уран сайхны бодлогын удирдагч мэргэжлээр бакалавраа төгсчихсөн. Одоо хоёр жил магистрт үргэлжлүүлэн суралцана. Гэхдээ Монголдоо ирэн, очин байх болно. Ирэх онд “Сонгодог концерт гэж юу вэ?”, “Симфони гэж юу вэ?” гэсэн сонгодог хөгжмийн аян зарлахаар төлөвлөж байгаа. Бүхний мэддэг шилдэг бүтээлийг түүвэрлэн, улирал улирлаар концерт зохион байгуулах санаатай. Арванхоёрдугаар сард Улсын филармонийн маань 45 жилийн ой болно. Ажил их байгаа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Хүмүүс надад киноны хөгжмийн зохиолын ажлууд санал болгодог. Гэхдээ би өөрийгөө голдог. Дэлхийн киноны хөгжмийн зохиолчид 40 нас хүртлээ судалгаа хийж, туршлага хуримтлуулдаг. Ерөнхийдөө 40 гарсан хөгжмийн зохиолч хамгийн залуу зохиолчдын тоонд ордог. Би бол одоо л суралцаж эхэлж байна, төгөлдөр хуур, удирдаач, хөгжмийн найруулга бүгдийг нь суралцаж яваа залуу хүн.  Өөрийгөө мундаг хөгжмийн зохиолч гэхгүй ч аялгуулаг уур амьсгалыг бүрдүүлж чадна гэж бодож байна. Би ирээдүйд уран сайхны кино хийхийг мөрөөддөг. Оюутан байхад уран сайхны удирдаач, найруулагчийн мэргэжил дээр яг адилхан хичээл үздэг байсан. Тийм болохоор аль ч мэргэжил рүү нь хөрвөж болно. Гэхдээ миний амьдралын хэтийн зорилго бол Улсын филармони, улсынхаа симфони оркестрыг гадаадын орнуудад таниулж, тоглолт хийх явдал. Би энэ зорилгынхоо төлөө өтөлтлөө л зүтгэнэ.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Монголд сүүлийн хагас зуун жилд сонгодог урлаг нэвтэрч, идэвхтэй хөгжиж ирлээ. Монголчууд үнэхээр дууч ард түмэн. Дэлхий дахинд Монголын дуучид цойлохоор цар хүрээтэй, авьяаслаг гэдгээ харуулсаар ирсэн. Харин сонгодог хөгжимчдийн хувьд хөгжлийн суурь нь одоо л эхэлж байна. Орчин үеийн залуус бидний үеэс эхлэн сонгодог урлаг улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

 

Гэрэл зургийг Ц.Ариунболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж