Эрхэм хүндэт парламентын гишүүд ээ,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, Ноёд оо,
Ази-Номхон далайн парламентын чуулганы 19 дэх удаагийн уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд Монголын ард түмэн, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхнийг манай сайхан оронд тавтай саатан морилохыг хүсье.
Ази-Номхон далайн парламентын чуулган нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн нэн тулгамдсан асуудлуудыг тунгаан хэлэлцэж, үнэтэй санал санаачилга гарган тэдгээртээ улс орнуудын анхаарлыг хандуулж, үр бүтээлтэй ажиллаж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнгөрсөн оны Сингапурын уулзалтаас дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын хор уршгийг гэтлэн давах арга зам, чөлөөт худалдааг урамшуулах, байгалийн гамшигтай тэмцэх болон хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар нэн чухал шийдвэрүүд гаргасан билээ. Ази-Номхон далайн бүсийн парламентын чуулганы үйл ажиллагаа харилцан бие биенээ хүндэтгэсэн, асуудлыг чөлөөтэй, ил тод хэлэлцэх зарчим дээр тулгуурлан явагддаг сайхан уламжлалтай. Улаанбаатарын уулзалт ч мөн ийм байгаасай гэж бид хүсч байна.
Хатагтай, Ноёд оо,
Өнөө үед улс орнуудын хөгжил, дэвшил, ололт амжилт, мөн бидний бэрхшээл дутагдал харилцан хамааралд оршиж байгаа гэдэгтэй Та бүхэн санал нэгдэх байх аа.
Юуны өмнө бүс нутгийн хийгээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, чадавхиас их зүйл хамаарна. Энэ удаагийн уулзалтад бэлтгэх явцад дэлхийн эдийн засаг хямралаас гарч, сэргэлтийн шатандаа орлоо гэсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагын нааштай дүгнэлт, таатай мэдээг хүлээн авч байгаа. Энэ байдал нь манай бүс нутгийн орнуудын хөгжил, чадавхид илүү хамаатай болов уу гэж бодож байна. Үүний хамт Их хорийн орнууд, түүний дотор манай хоёр хөрш БНХАУ, ОХУ болон Азийн зарим орнууд эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулах дархлаа, тогтолцоо сайтай байгаа гэсэн олон улсын үнэлгээ бидэнд бас өөдрөг сэтгэгдэл төрүүлж байна. Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн давшингуй, тогтвортой өсөлтийг хангах нь бүхнээс чухал бөгөөд энэ нь бүс нутгийн аюулгүй, амгалан тайван нөхцөлд л хангагдах учиртай. Гагцхүү энэ үндсэн дээр хүн ардын аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн шинжтэй олон бэрхшээл, дэлхийн цаг уурын дулаарлаас үүсэлтэй гамшигт асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
Ази-Номхон далайн орнуудын парламентчуудаас улс хоорондын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлэх, үндэстнүүдийн түүх соёлын өвийг хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгох талаар хичээл зүтгэл гарган ажиллахыг санал болгож байна. Энэ чиглэлээр манай бүс нутагт үлэмж нөөц боломж бий.
Бүс нутгийн интеграци, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин нэн чухал. Түүнчлэн улс гүрнүүдийг холбосон эрчим хүч, авто болон төмөр замын сүлжээг өргөжүүлэх нь олон талын ач холбогдолтой билээ. Энэ талаар дэлхийн хамтын нийгэмлэг, түүний дотор Ази, Номхон далайн орнуудын парламентуудаас дэмжлэг авахыг далайд гарцгүй, эмзэг эдийн засагтай Монгол зэрэг улс орнууд хүсч, найдлага тавьж байдаг аа.
Мөн бидэнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг дагасан хүнд сорилтууд тулгарч байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар олон орон, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд нэлээд ахиц дэвшил гарч байна. Гэхдээ улс оронд тохиолдож болзошгүй эрсдлийг парламентын гишүүд бид урьдчилан төсөөлж, бодлого чиглэлийг тогтоож, олон нийтийн анхаарал, хэлэлцүүлэгт оруулж байх нь чухал. Монголын газар нутаг өнөөдөр та бүхэнд цагаан цасан бүрхэвчтэй, өндөр сүрлэг уулс, өргөн тал гайхалтай харагдаж байгаа байх. Гэвч цаана нь уулсын мөнх цас нимгэрч, олон гол горхи, нуур ширгэн дундарч, зундаа 40 хэм хүртэл халж, өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрч эдийн засаг, хүн амд ноцтой бэрхшээл учрах болсныг шинжлэх ухааны нотолгоо, тооцоо баримтууд, бодит байдлаас та бүхэн бас ойлгох байхаа. Энэхүү нөхцөл байдлыг тооцон Монгол Улсын Их Хурал Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг батлав. Үер ус, ган зуд, газар хөдлөлт, цас, шуурга зэрэг байгалийн аюул гамшиг, тэдгээрийн хор хөнөөл нь нэг орны үзэгдэл биш ээ. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эдийн засаг, хүний хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах нь улс орнуудын парламент, Засгийн газруудын хамтын хүчин чармайлт, нэгдсэн тохиролцоо, хэлцэлд тулгуурлах ёстой гэж үзэж байна. Чухамхүү хамтын зохицуулалтын арга, механизм үгүйлэгдэж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүний хангамж доголдож, улмаар үнийн өсөлтийн дарамт ойр ойрхон давтагдах болсныг сануулах боллоо. Азийн бүс нутагт хүнсний хомсдол, цэвэр усны гачигдалд орох эрсдэл бүрэн арилаагүй байна. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанар, стандартын уялдуулсан нэгдсэн тогтолцоо хэрэгтэй байна. Энэ удаагийн уулзалтаар хүн ардыг экологийн цэвэр хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдлын талаар нухацтай санал солилцохыг дэмжиж байна.
Бүс нутгийн хийгээд дэлхий дахины аюулгүй байдал бидний анхаарлын төвд байх нь зайлшгүй. Энх тайван аюулгүй байдлыг хангах талаарх хүчин чармайлтыг эрс нэмэгдүүлэхийг өнөөгийн нөхцөл байдал шаардсан хэвээр байна. Хүн ардыг амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймаа, хүний худалдаа зэрэг улс дамжсан гэмт үйлдлүүдтэй бодлогоор хамтран тэмцэх нь чухал байна.
Хатагтай, Ноёд оо,
Монгол Улс сүүлийн 20 жилд парламентын засаглалыг тогтоон хөгжүүлж ирлээ. Олон нам бүхий парламентын тогтолцоо төлөвшин, зах зээлийн харилцааны болон хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс улам бүр бэхжих боллоо. Энэ талаар Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтуудын үзэл санаа, шийдвэрүүд нь бидэнд нэн чухал түлхэц болсон юм.
Өнөөдөр Монгол улс хөгжлийнхээ шинэ гараан дээр ирлээ. Бид байгалийнхаа нөөц баялагт тулгуурлан хөгжих зорилт тавьж, стратеги чиглэлээ боловсруулсан. Уул уурхайг хөгжүүлэхдээ экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээхэд үндэсний орлогынхоо тодорхой хэсгийг зарцуулах шаардлагатайг бид гүнзгий ухамсарлаж байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, түүний дотор Ази-Номхон далайн орнуудын зүгээс уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарт Монголд хөрөнгө оруулж ажиллах боломж нээлттэй байна.
Манай орны эдийн засаг цар хүрээгээ тэлж, чадавх нь ч цаашдаа улам нэмэгдэнэ. Улс орон, түүний парламентуудын өмнө тулгамдсан нийтлэг бэрхшээл бидэнд ч бас бодитой тохиолдож байна. Хөгжил, дэвшлийн үр өгөөжийг жигд хүртээмжтэй болгох үүднээс ажлын байр гаргах, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах, улмаар ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийг Монголын парламентчид бид эрхэм зорилгоо болгож байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Чуулга уулзалтаар бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил, дэвшлийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг багасгах, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чуулганы үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөлөө. Эдгээр асуудлууд нь эрхэм хүндэт төлөөлөгчид, парламентын гишүүд Та бүхний хүсэл сонирхолд нийцсэн, бүс нутгийн болон дэлхийн нийтийн тулгамдсан асуудлууд гэдэгт итгэл үнэмшилтэй байна.
Энэ удаагийн Улаанбаатарын уулзалтаас Та бүгдийн санаанд дүйцэн хүрэхүйц шийдвэр гарна гэдэгт итгэл төгс байна. Уулзалтын ажиллагааг амжилттай явуулахын төлөө хамтран ажиллацгаая. Анхаарал тавьсанд талархлаа илэрхийлье.