“Цөм сургалт” судалгааны төвөөс өнөөдөр /2017.10.17/ мэдээлэл хийлээ. Тэд хурлын үеэр их дээд сургууль төгсгөгчдийн ихэнх нь чанаргүй байгааг дурдаад мэргэжлээ зөв сонгох зөвлөгөө өгөх “Миний сонголт, Монголын ирээдүй” багш сурагчдын, судлаачдын нэгдсэн форумыг энэ сарын 21-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ. Тус форумыг сонирхсон хүмүүс иргэний үнэмлэх, хүүхдүүд төрсний гэрчилгээгээ барьж очсоноор оролцох боломжтой юм. Энэ удаагийн форум нь 800 гаруй хүүхдүүдийг хамруулснаар мэргэжлээ зөв сонгосноор өөрт ямар ач холбогдолтой байх бөгөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар багш нар илтгэл тавьж, дараа нь хэлэлцүүлэг болно гэв.
“Цөм сургалт” судалгааны төвийн менежер багш Я.Батсүрэн “Өнөөдөр дэлхийд 50000 гаруй мэргэжил байна. Гэтэл манай оронд 5000 орчим мэргэжил сонгогддог. Үүнээс болж олон салбарт олон мэргэжилтэн үгүйлэгдэж байна. Энэ удаа зохиогдох гэж байгаа хуралд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдийг түлхүү хамруулах төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүд их дээд сургуулийн нэр хүнд харж, мэргэжлийн цалин хөлс, нэр хүнд харах, найз нөхдийгөө дагаж мэргэжлээ сонгох, эцэг эхийн албан шахалтаас болж буруу сонголт хийснээр ирээдүйд ажилгүй хүмүүсийн тоог нэмэхэд нөлөөлөөд байна” гэв.
Э.Сосор