М.Ичинноров: Би өдөр бүр ийм хэрэг дээр чимээгүй ажилладаг

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

М.Ичинноров: Би өдөр бүр ийм хэрэг дээр чимээгүй ажилладаг

М.Ичинноров: Би өдөр бүр ийм хэрэг дээр чимээгүй ажилладаг

Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн, 13 настай охин амиа алдсан гэх хэргүүд Монголын нийгэмд дуулиан тариад байгаа. Тиймээс Хуульч М. Ичинноровоос сүүлийн үед өрнөж буй охидын эсрэг хүчирхийлэлтэй холбоотой  асуудлаар утсаар тодруулга авлаа.


-Таван настай охины хэрэг дээр дуугарсангүй гэж өчигдөр та сошиал ертөнцөд бага зэрэг шүүмжлэлд өртөөд авлаа. Энэ талаар юу хэлмээр байна?

-Сенсаацитай хэрэг болгон дээр дуугарсангүй гэж шүүмжилж болохгүй л дээ. Харин ч би энэ ажлыг өдөр бүр чимээгүй, далд хийдэг. Тиймээс ч таван настай охины асуудлыг хандсан Золбоот гээд хүүд би ДМ мессеж явуулж, хамгаалалтанд авахуулах асуудлыг зөвлөсөн. Тэр хүү над руу байнга холбогдож, зөвлөгөө дэмжлэг авч байгаа. Хүүхэд хамгааллын асуудалд бид нэг хэрэг гарахаар л араас нь бүгд нийлээд орилолдох биш, тогтолцоогоор нь өөрчлөх ажлыг шамдах хэрэгтэй.

-Үнэндээ монголчууд нэг хэрэг гарахаар бүгд араас сенсаацилаад, шуугилдаж байгаад тэр хэргээ мартчих нь бий. Тиймээс тогтолцооных нь хувь юу хийх ёстой гэж?

-Би “Хүүхэд хамгааллын олон улсын стандарт”-ыг боловсруулж, эмхэлж, орчуулж гарын авлага болгон гаргасан.  Тэр номонд яаж тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэйг бичсэн байгаа.

-Таны номыг харсан. Гэхдээ тогтолцоог хэн өөрчлөх ёстой гэж?

-Олон улсын стандарт, загвар стратегийг цагдаа, прокурор, шүүх, шүүх эмнэлэг, эрүүл мэнд болон боловсролын байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, хүүхэд хамгааллын байгууллагууд бүгд чанд мөрдөж ажиллах юм бол өдөр тутам үүсч байгаа бусармаг алдаа, завхралууд ар араасаа гарахгүй, тогтолцооных нь хувьд өөрчлөх боломжийг бүрдүүлэх юм.  Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах, хандах, харилцах, ямар туслалцаануудыг үзүүлэх гээд бүгд энд байгаа. Энэ сурах бичгээр дамжуулан цагдаа, хуулийн байгууллагынханыг, эмч, багш нарыг сургах ажлыг төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах хэрэгтэй байна. Хүүхэдтэй хамааралтай ажилладаг хүн бүрийн сэтгэлгээг өөрчлөх соён гэгээрүүлэх, сэтгэлгээ хандлага өөрчлөх сургалтуудаас бүгдийг эхлэх ёстой.

 -Таныг УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийн хохирогчдод тусалж байсныг мэднэ. Одоо яагаад чимээгүй болов? Энэ хэрэг яг юу болж байгаа вэ?

-Д.Гантулгын хэргийн тухайд гэвэл хохирогч охид өөр өмгөөлөгч авсан, ажиллаж байгаа. Би ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсэх хүртэл тусалж, дэмжиж, дэргэд нь байсан. Яг хэргийн процессын талаар одоо ажиллаж буй өмгөөлөгчөөс нь мэдээлэл авах нь зүйтэй байх аа. Гэхдээ миний хувьд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал, өндөр шалгууртай, хариуцлагын тогтолцоотой байх тал дээр юу хийх ёстой вэ гэдэг дээр судалж, тогтолцооных нь хувьд өөрчлөх асуудлыг хөндсөөр байх болно. Д.Гантулга хариуцлага хүлээх ёстой. Хуулийн ч, ёс зүйн ч. Тэр энэ өндөр сэнтийд сууж байх ёсгүй хүн. Ийм хүмүүс энэ парламентад хэд хэд байгаа талаар хүмүүс факттай, фактгүй юмнууд ярьж байна лээ. Энэ байж боломгүй зүйл. Ёс зүй, хууль хөгжсөн оронд бол биеэ үнэлэгч авсны төлөө л огцорч байна шүү дээ.

Э.СОСОРБУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж