АН: Д.Сумъяабазарын бизнесийг судална

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

АН: Д.Сумъяабазарын бизнесийг судална

АН: Д.Сумъяабазарын бизнесийг судална

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2017.10.17/ хуралдаанаараа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хэлэлцээд “Давхар дээлтэй сайд нарыг дэмжих боломжгүй” гэж үзжээ. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус намын бүлгийн хуралдаанд оролцох үед цөөнхийн зүгээс “Үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг парламентаас нэр дэвшүүлж болно. Бусад сайдыг гаднаас нэр дэвшүүлэх ёстой” гэдэг шаардлага тавьжээ. Гэвч энэ шаардлагыг хангаагүй. Дээр нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Давхар дээлтэй сайд ажиллуулахгүй” гэдэг амлалт өгснөө зөрчсөн. Мөн танхимын сайд нарыг 100 хувь шахам парламентаас нэр дэвшүүлсэн нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн” гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн Ч.Хүрэлбаатарыг эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэнийг бүлэг мөн дэмжиж буй аж.


Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хэдхэн хоногийн өмнө танай бүлэг “У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ” гэсэн. Гэтэл өнөөдөр дэмжихгүй гэдэг ямар учиртай юм бэ. Хуулийн хугацаа тулчихаад байхад ямар улс төр хийгээд байна вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ардчилсан намын бүлэг хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхтэй тодорхой зарчмууд дээр тохирсон. Үндсэн чиглэлийн яамд нь давхар дээлтэй байж болно. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилгүй сайд оруулж ирээрэй гэсэн. Уул уурхайн бизнест нэр холбогдоогүй, нэр цэвэр сайд оруулж ир, бид бүрэн бүрэлдэхүүнээр нь дэмжье гэсэн. Харамсалтай нь, бүрэлдэхүүнийг харахад У.Хүрэлсүх Ардчилсан намтай  тохирсон зарчмаасаа хазайсан.

-Ч.Хүрэлбаатар гишүүнийг яагаад ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзээд байна вэ?

-Уул уурхайн бизнест тодорхой ашиг сонирхолын зөрчилтэй хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй. Ч.Хүрэлбаатартай холбоотой олон асуудал яригддаг. Оюутолгойн валютын урсгалыг Монголын банкаар дамжуулъя гэдэг шийдвэрийг УИХ гаргасан. Гэтэл нэр дэвшигчтэй холбоотой бүлэглэл Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулахыг цуцлуулсан.

-Ч.Хүрэлбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл Д.Сумъяабазар хувийн банктай. Банктай байх нь ашиг сонирхлын зөрчилд орохгүй гэж үзэж байгаа юм уу?

-Авлигатай тэмцэх газар сайдад нэр дэвшигчдийн асуудлаар ашиг сонирхлын зөрчлийн талаар бичгээ явуулсан. Д.Сумъябазар гэдэг хүнд банк байдаг гэсэн мэдээлэл хараахан ирээгүй байна. Банк байдаг нь ашиг сонирхлын зөрчил үүсэж байна гэж үзвэл тэр тодорхойлолтоо өгөөч ээ гэж хүсэж байна.

-Оюутолгойн мөнгөн урсгалыг Монголын арилжааны банкаар дамжуулъя гэхэд олон улсын шаардлага хангасан банк байдаггүй. Үүнээс болж, УИХ тогтоолоо өөрчилсөн. Гэтэл энэ асуудлыг Ч.Хүрэлбаатар гишүүн тохож байгаа нь эргээд та нарт ашиг сонирхол үйлчлээд байна уу гэж харахад хүргэж байна?

-Сөрөг хүчний үндсэн үүрэг бол хуулийн хэргжилтэд хяналт тавих ёстой. ОУВС-гийн асуудалд болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байдаг. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн олон улс орнууд эдийн засгийн хувьд дампуурал руу явдаг. Нөхцөлөө тулгадаг, зээл олгохдоо нөлөөгөө тогтоох гэж оролддог. Оюутолгойн мөнгөний урсгалыг Монголоор дамжуулж болохгүй гэдэг заалтыг гэрээнд оруулаагүй хэрнээ гэрээнд байхгүй заалт биднээс шаардаж байгаа. Ийм тохиролцоо хийгээгүй. Гэтэл ОУВС-тай далдуур хуйвалдсан хэсэг улстөрчид гэрээний нөхцөлд оруулаагүй зүйлийг Засгийн газарт тулгасныг буруу гэж үзэж байгаа.

-АТГ сайдад нэр дэвшсэн бүх хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн. Тийм байхад яагаад Ч.Хүрэлбаатар нь зөрчилтэй, Д.Сумъяабазар нь зөрчилгүй болоод байна? 

-Д.Сумъяабазар гишүүнтэй холбоотой Үндэсний  хөрөнгө оруулалтын банк гэж байна. Банк санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн байна.Олон компани байна, уул уурхайтай холбоотой компани байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хувь эзэмшигч нь Д.Дагвадорж юм байна. Бид нарийн судалж асуудлыг тавъя.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж