Үндэсний статистикийн хороо /ҮСХ/, Дэлхийн банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” судалгааны дүнг өнөөдөр /2017.10.17/ танилцууллаа. Ядуурлын тооцоог өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг үндэслэн гаргажээ. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн нэг гишүүний наад захын хэрэгцээг хангах нэг сарын хэрэглээний мөнгө нь 146 мянга 145 төгрөгөөс давж буй эсэхээр хэмжжээ. Гэтэл хоёр жилийн дотор ядуу иргэдийн тоо 300 мянгаар нэмэгдсэн дүн гарчээ.
Монголын гурван сая хүний нэг сая орчим нь ядуу амьдарч буйг ҮСХ-ноос зарлалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 3.1 сая иргэний 907 мянга нь ядуу гэх тодотголд хамрагджээ. Энэ нь гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг юм. Тэд нэг сард 146 мянга 145 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байна. 2014 онд 634 мянган хүний сарын хэрэглээ нь 146 мянга 650 төгрөгөөс доогуур байсан бол 2016 онд 907.5 мянга болж өссөн бөгөөд Монгол Улсын ядуурлын дүр төрхийг бодитоор гаргасан зураглал болсныг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа хэлэв. Түүний хэлснээр, ядуу монгол иргэдийн тоо огцом нэмэгдсэн нь улсын эдийн засагтай шууд холбоотой аж. 2012 оноос эдийн засгийн өсөлтийн хурд саарсан нь иргэдийн амьжиргаанд нөлөөлснийг онцолсон юм.
Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшнийг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна.
Ядуурлыг бүсчилж харвал
- Баруун таван аймгаас Увс аймагт ядуурал хамгийн бага, Завхан аймагт хамгийн өндөр
- Хангайн бүст ядуурал Орхон аймагт хамгийн бага, Өвөрхангай аймагт 41.1 хувьтай
- Төвийн бүст Өмнөговь аймагт ядуурлын хамрах хүрээ нь бага буюу 15.4 хувьтай, Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр буюу 52.4 хувьтай
- Зүүн бүст гурван аймгийн ядуурлын хамралтын хүрээ ойролцоо буюу 41.5-47 хувьтай гарав.
- Харин аймгуудын ядуурлыг харьцуулан харвал УВС, ОРХОН, ХӨВСГӨЛ, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ, ТӨВ аймгуудад ядуурал бага амьжиргааны түвшин дээгүүр байна.
430 ОРЧИМ МЯНГАН ИРГЭН ЗЭЭЛТЭЙ
Нэг сая орчим ядуу иргэдийн 42.2 хувь буюу 430 орчим мянга нь зээлтэй. Зээлийг төрлөөр нь ангилбал,
- Цалингийн зээлтэй 36.9 хувь
- Тэтгэврийн зээлтэй 20.6 хувь
- Орон сууцны зээлтэй 3.4 хувь
- Өрхийн хэрэглээний зээлтэй 9 хувь
- Малчны зээлтэй 21.3 хувь
- Бизнесийн зээлтэй 2.8 хувь
- Бусад зээлийг 16.4 хувь нь авчээ.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч Самуэль Фрэйжийн мэдээлснээр, дэлхийн 10 хүн тутмын нэг нь өдөрт 1.90 ам.долларын орлогоор амьдарч буй аж. Энэ нь долоон тэрбум хүний 800 сая нь ядуу гэсэн үг юм.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ