Төрийн алба, хувийн хэвшилд ажиллахын ялгаа, зааг улам газар авч байна. Хэдэн жилийн өмнөөс хэвшсэн төрийнх л бол аль ч хамаагүй газарт ядаж л үйлчлэгч, харуулаар ажилд орчихвол болоод явчихна гэсэн ойлголт өнөө хэр байж л байна. Энэ их урсгалаас боловсон хүчнээ сугалж авах гэсэн хувийн хэвшлийнхэн ч ялгаагүй, өөрийн гэсэн арга барилтай болж. Ялангуяа ард түмэн хүчирхэгжих бус төр бүтцийнхээ хувьд хэр барагтай юманд ганхахааргүй нүсэр болсон энэ үед яаж ийгээд төрд шургалах гэж зүтгээд байгаа нь монгол хүний маргаашаа харж буй орчин үеийн холч ухаан юм биз. Тэр цалин бага байх яах вэ. Хүүхдийг нь дээд сургуульд үнэгүй сургаж байна. Бас өнгөрсөн жилээс эхлээд “Бусад нь хойшоо бай” гэж байгаад зөвхөн төрд ажиллагсаддаа орон сууцны квот тараалаа. Тэгээд гэр хороололд амьдардаг хүмүүстээ чадалтай, чадалгүй гэж ялгалгүйгээр түлээ нүүрсний мөнгө гээд овоо хэдэн төгрөг өгчихнө. Хангамж талаасаа иймэрхүү давуу тал олон байна. Цаашилбал ил, далд янз бүрээр тал тохой татах шанс мундахгүй. Ийм байхад адилхан монгол хүн байж илт “жийгдээд” гудамжинд лааз өшиглөхийг хэн хүсэх юм. Хүүхдээ үнэгүй сургамаар байна. Орон сууцны квот авмаар байна. Хааяа эвийг нь тааруулж байгаад хэдэн төгрөг “тоншмоор” байна. Төр рүү “дайрдаг” хүмүүст энэ л чухал. Түүнээс бус гадуур ажил хайвал бий. Төрийн албаныхыг хэд дахин нугалах цалинг хувийнхан өгч байгаа. Угаасаа нийгмийг байлдан дагуулсан шинэ санаа сэдэлтэй, гайгүй залуучуудыг нь арилжаааны банк, үүрэн телефоны “акулууд”, бас уул уурхай болон бусад салбарынхан шилж сонгоод түүгээд авчихдаг. Тийм компаниуд нь өргөжөөд байгаа нь нүдний өмнө ил байна. Зарим нь үндэстэн дамнаж, группын хэмжээнд үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн. Харин эндээс гологдсон хэсэг буюу хамгийн сул дорой, өчигдрийнхөөсөө илүү зүйлийг өнөөдөр гаргах ур чадваргүйг нь ялгаж, сонгоод төр өөртөө аваад байдаг. Аваад, тэжээгээд байгаа хэр нь төр л өнөөдөр ганцаараа боловсон хүчнээрээ “шалдан” хоцорлоо гэж. Аргаа барахдаа “Өмнө нь УИХ-ын гишүүн байсан уу” гэдэг шалгуур тавьдаг юм шиг хэдэн өвгөнийг ээлжлээд л энд тэндхийн дарга болгож байхав дээ.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх: