Б.Баяраа: Дэвжээн дээр нүцгэлсэндээ харамсдаггүй

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Б.Баяраа: Дэвжээн дээр нүцгэлсэндээ харамсдаггүй

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн дөрвөн жилийн хоригдох ялыг нэг жил болгон хассан тухай “Agence France-Presse” мэдээлэв.

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012-2016 оны циклд ажилласан, дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа. “Рио-2016” олимпийн наадамд Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдааны шүүлтийг эсэргүүцэн, дэвжээнд гарч, хувцсаа тайлан, дэлхийн спортын хүрээний анхаарлыг татаж, шуугиан тарьсан хоёр дасгалжуулагчийн нэг нь тэр юм. Олимпиос хойш тэр юу хийж байгаа вэ? Шигшээ баг удирдаж байсан дасгалжуулагчдын тэмцэл үр дүнгээ өгсөн үү? Г.Мандахнарангийн барилдааны шүүлтийг будилаантай гэж үзэн, шүүхэд хандсан асуудал ямар шатанд яваа бол… Эдгээр асуултын эргэн тойронд дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа. 


-Риогийн олимпийн наадмаас хойш та нам гүмхэн байлаа. Энэ хугацаанд та юу хийж байв?

-Би шигшээ багийн дасгалжуулагч хийж байхдаа ч хүүхэд, залуучуудтай цаг гаргаж ажилладаг байсан. Үүнээс гадна ОУХМ Ж.Чулуунбат, Г.Мандахнаран, Э.Ням-Очир, Д.Гомбодорж, Б.Наранбаатар, П.Өнөрбат, О.Үйтүмэн, Э.Бэхбаяр, Б.Номин зэрэг шигшээ багт бэлтгэл хийж байгаа бүхий л тамирчидтай  хамтарч ажиллан, бэлтгэл сургуулилтыг нь тохируулсаар ирсэн. Шавь нартайгаа, бусад клубын хүүхдүүдтэй ажиллахад цаг гаргаж байлаа. Мөн их, дээд сургуулиудад урилгаар зөвлөгөө өгөх үе олон байсан. Одоогоор чөлөөт бөхийн “Аваргууд академи”-д  зөвлөх багшаар ажиллаж байна. Манай академид  100 гаруй тамирчин хамрагдан, бэлтгэл хийдэг.

-Сүүлийн олимп, Г.Мандахнарангийн барилдаан, шүүлтийн асуудалд та бүхэн одоо ч эмзэг, гомдолтой ханддаг хэвээрээ юу? Эсвэл тайвширч, тэр барилдааныг мартаж, орхисон нь дээр гэж бодогддог уу?

-Орхиж, мартаж болохгүй л дээ. Олимпийн хүрэл медалиа луйвардуулах тийм ч амархан мартаж, тайвшрах үйл явдал биш л дээ.  Дэлхийн түүхэнд тийм шийдвэр гаргаж байсан  шүүлт  байхгүй. Одоо ч би тэр шийдвэртэй эвлэрэхгүй л явдаг. Ц.Цогтбаяр дасгалжуулагч бид хоёр дэвжээн дээр эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө олимпийн дараа гурван жил дасгалжуулагчаар ажиллаж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Буруу шүүлт хийснийг эсэргүүцэж, эвлэрээгүйнхээ төлөө бид ийм шийтгэл хүлээсэн. Хэрэв худал хуурмагтай эвлэрсэн бол  эрхээ хасуулахгүй, магадгүй ажлаа хийгээд явж байх байсан ч байж магад. Гэхдээ яахав ээ, үнэн, зөвийг цаг хугацаа ялгаж салгадаг. Г.Мандахнаранг, Монголын чөлөөт бөхийг, Монголын ард түмнийг хохироож, гомдоосон тэр шүүлт, шийдвэр буруу байсан гэдэг хэзээ нэгэн цагт нотлогдож, харагдах биз дээ. Бид Г.Мандахнарангийнхаа луйвардуулсан барилдааныг мартаж, мартуулж болохгүй.

-Та тухайн үед дэвжээн дээр гарсан, эсэргүүцэл илэрхийлсэн үйлдэлдээ одоо харамсдаг уу?

-Үгүй ээ. Ёстой үгүй шүү. Олимпийн нээлт дээр хоёрхон  хүн  л тангараг өргөдөг.  Нэг нь шүүгч, нөгөө нь тамирчин. Нэг нь чин шударгаар шүүнэ гэж, нөгөө нь шударга, үнэн  өрсөлдөнө гэж. Г.Мандахнарангийн барилдааны шүүгчид тэр тангарагаа няцсан. Олимп үзэж байсан дэлхийн хэдэн тэрбум хүн харсан. Миний нүдэнд бүр одоо ч тод харагдаж байна, тухайн үед тэмцээн үзэж байсан заал дүүрэн үзэгчдийн ер гаруй хувь ялалтаа луйвардуулсан Монголын тамирчин, дасгалжуулагчдын талд байсан юм шүү. Барилдаанаас хойш бидэнтэй таарсан хүн бүхэн, олимпийн бусад төрлийн олон зуун тамирчин, дасгалжуулагчид спортын шударга бус шүүлт, хандлагыг зоригтойгоор шүүмжилж, хэлж, илэрхийлж чаддаггүй зүйлсийнх нь дуу хоолой болсонд талархлаа гэж, түүнийгээ илэрхийлж байсан.  Бид тэр үйлдэлд харамсах байтугай тамирчныхаа ялалтыг хамгаалж, баталж, үнэн зөвийг олохын төлөө харин ч улам зүтгэсээр байх болно.

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос та бүхэнд ямар нэгэн тайлбар өгөх ч юм уу, гомдлын талаар асууж тодруулсан зүйлс байдаг уу?

-Бид ханддаг. Булхайтай шүүлтийн асуудалд тайлбар өгнө үү, байр сууриа илэрхийлж, биднийг сонсоно уу гэж хүсэлт тавьсан. Өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар өгөөгүй.

-Арбитрын шүүхэд хандсан гэж байсан. Энэ ямар шатанд яваа вэ?

-Г.Мандахнарангийн барилдаантай холбоотойгоор бид Олон улсын Арбитрын шүүхэд хандсан. Санаснаас жаахан удаашралтай байгаа. Гэхдээ урагшилж байна. Баримт, нотолгоо бүх зүйлээ бид нарийн бэлтгэн, шат шатны шаардлагыг хангаад явж байгаа. Ямар ч байсан Г.Мандахнарангийн барилдаан Арбитрын шүүхийн анхааралд байгаа.

-Хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг гурван жилээр хассан гэх шийдвэр нь яг ямар учиртай юм бэ? Энэ тал дээр та тодорхой ойлголт өгөхгүй юу? Жишээ нь, сая Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Цогтбаяр дасгалжуулагч тамирчидтайгаа хамт явсан нь чөлөөт бөхийн хүрээнд бага зэрэг маргаан үүсгэх сэдэв болж харагдсан.

-Дэлхийн бөхийн  нэгдсэн холбооноос гаргасан шийдвэрээр бидний  дотоодын болон олон  улсын тэмцээн, бүр тодруулбал, Дэлхийн  бөхийн нэгдсэн холбооноос зохион байгуулагдаж байгаа олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар ажиллах эрхийг хассан.  Буланд тамирчнаа дасгалжуулахгүй л бол бусад ямар ч хэлбэрээр тэмцээнд оролцож  болно. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа бид шийдвэрийн дагуу олимпийн дараа хоёул хүлээлгэж өгсөн. Өнгөрсөн хугацаанд шавь нараа дасгалжуулаад, өдөр тутмын бэлтгэлийг нь хангаад явж байгаа. Биднийг дотоодын тэмцээнээс гадна чөлөөт бөхийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэсэн яриа гарсан байсан. Олон улсын тэмцээнд оролцож байгаа тамирчдынхаа буланд гарч, чадахгүй, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарт тэмцээнд оролцох эрхгүй байгаа ч бусад зүйл дээр бид хөл, гар хориулж, хүнд юм зааж сургах эрхээ хасуулчихаагүй шүү дээ.

-Одоо таны шавь нараас хамгийн өсөх ирээдүйтэй тамирчин хэн байна вэ?

-Гарын шавь нараас өсөх ирээдүйтэй тамирчид олон байна. Хоёр хоногийн өмнө манай “Аваргууд академид”-иас хоёр аварга төрлөө шүү дээ.  Монгол Улсын 12 удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн 23 хүртэлх насны тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд  манай клубээс  57 кг-ийн жинд өрсөлдөн Ц.Цогбадрах алт, 86 кг-ийн жинд барилдсан Г.Ганхуяг алтан медаль хүртлээ. Г.Ганхуягийг анх  Ховд аймгийн багш нарт семинар явуулж  байхдаа харж байсан юм. Тухайн үед олон шалгуураар сонгож аван, 16 настай байхаас нь хойш бэлтгэлийг нь хийлгэж байна. 

-“Аваргууд академи”-ийг төлөөлж  гадагшаа тэмцээнд явах тамирчдын зардал, мөнгийг  та бүхэн яаж зохицуулдаг вэ?

-Манай академийн удирдах зөвлөлийн гишүүд, мөн биднийг дэмждэг албан байгууллага, хувь  хүн  олон болжээ.  Академийн удирдах зөвлөл хуралдаж, жилийн нэгдсэн төлөвлөлт гаргадаг. Үүний үндсэн дэр  хэчнээн тамирчдыг хаашаа тэмцээнд явуулах,  хаана байрлуулах, бэлтгэл сургуулилтыг ямар газар хийх зэргээ хэлэлцэж, төсвөө бүрдүүлдэг. Академид маань Дэлхийн аварга Г.Орхон, Гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн энэ цаг үеийн сор болсон шилдэг тамирчид олон байна. Шинэ залуу тамирчид ч байна. Гол нь бидний гар, сэтгэл нийлсэн дасгалжуулагчид хамтдаа байж, олон жил бэлдсэн, ирээдүйд амжилт гаргах тамирчдаа системтэйгээр бэлтгэхийн тулд, Монголын чөлөөт бөхийн спортын хөгжлийг сэргээхийн тулд энэ бүх ажилд цаг зав, сэтгэл санаа, хүч хөдөлмөр гээд бүх л зүйлсээ зарцуулж яваа. Энэ бүхнийг ойлгож дэмжих чөлөөт бөхөд сэтгэлтэй олон хүн байдаг нь бидний аз юм даа. Чөлөөт бөхийн тамирчид маань улам олон амжилт гаргаж, олимпиос алдсан медалиа олон болгож авчирна гэдэгт би итгэж явдаг.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж