НИТХ-ын дарга өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт томилогдсон. Шинэ дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл НИТХ-ын тэргүүлэгчид болон ээлжит хуралдаанаа хийж чадахгүй гацсан хэвээр байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны зургадугаар сараас хойш хуралдаагүйгээс Нийслэл хотын ажил, урагшлахгүй байгааг шүүмжлэх хүмүүс олон байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиас хойш НИТХ дахь МАН хоёр хэсэг болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Хурлын даргаа сонгох гэж МАН-ынхан дотроо толхилцож, багагүй хугацаа алдаж хоёр ч удаа санал хураасны эцэст С.Амарсайхан томилогдсон. Гэтэл сонгогдсон дарга нь бас л НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулж чадахгүй байна. Тухайлбал, аравдугаар сарын 12-нд хурлаа зарласан боловч хоёр ч удаа цагаа хойшлуулсны эцэст тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнээс болж Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга жил болгоны аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. НИТХ-ын нэгдсэн хуралдааныг бас Тэргүүлэгчдийн хурлаар зарладаг. Гэтэл өдий болтол намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байна. Дан МАН-ын төлөөлөгчдөөс бүрддэг Тэргүүлэгчдийн хурал яаралтай дотоод зөрчлөө хойш тавьж, Нийслэл Улаанбаатар хотын ажлаа саадгүй явуулах боломж олгох хэрэгтэй байна. Улаанбаатарт утаа “айлчилж”, өвлийн бэлтгэл ажлаа хангах чухал асуудлууд хүлээгдэж буй. Нийслэлчүүд МАН-ыг олонх болгож, итгэл хүлээлгэсэн. Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлэгт сандал, суудлын эрх ашгаас илүү нийслэлчүүдийн эрх ашиг чухал гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.
Ш.ЧИМЭГ