Элчин сайдын томилгоог хэн гацаав?

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Элчин сайдын томилгоог хэн гацаав?

Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

УИХ-аас өнгөрсөн хавар “виз”-ээ авсан Элчин сайдууд одоог болтол ажилдаа ороогүй нь Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрөөс болж байна гэсэн мэдэгдлийг зарим улстөрч хийгээд буй. Гэвч Мэргэжлийн Засгийн газар огцорсон нь Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг олгох боломжгүй болж, гацаанд оруулжээ. Учир нь Итгэмжлэх жуух бичигт Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд гарын үсэг зурах ёстой аж. Итгэмжлэх жуух бичиг нь тухайн Элчин сайдыг улсаа төлөөлөн ажиллахын баталгаа болдог. Энэ ч утгаараа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ суух орныхоо төрийн тэргүүнд нь барьснаар дипломат ажлаа эхлүүлдэг байна. Иймээс шинэ Засгийн газар бүрдэж, ажилдаа орсон цагт Элчин сайд нарыг илгээх боломж бүрдэх нь гэж ойлгож болох нь. УИХ-аас баталснаар АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарын холбооны улсад суух Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, Франц улсад суух Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр нар ажиллах ёстой.

Ц.Нямдорж шоудсан уу?
 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдах үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Элчин сайд нарыг томилох асуудал Ерөнхийлөгч Х.Баттулгаас болж, гацаанд орсон. Агреман нь ирчихээд байхад томилоогүй. Дараачийн хүнийг оруулж ирэх юм бол УИХ зөвшөөрөхгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн юм. Процедурыг нь хөөж үзвэл, Ерөнхийлөгчийн санал болгосноор Элчин сайдыг томилсны дараа Гадаад харилцааны яам тухайн суух гэж буй орноос нь агреман /зөвшөөрөл/ авдаг аж.

Дээр нэр дурдсан таван Элчин сайдад агреман иржээ. Гэхдээ Засгийн газар унахаас урьтаж агреман ирсэн байтал Ц.Нямдорж гишүүний хэлснээр Ерөнхийлөгч гацаав уу, эсвэл ирснийг нь эхнээс нь шийдээд явж байтал Засгийн газар огцорсон уу гэдэг бүрхэг байна. Эх сурвалжийн мэдээгээр зарим Элчин сайдтай холбоотой хэл ам их байсан нь Ерөнхийлөгчийн зүгээс болгоомжлоход хүргэсэн. Ингэж байтал Засгийн газар огцорч, Итгэмжлэх жуух бичигт гарын үсэг зурахаа хэсэг хугацаагаар хойшлуулахаас аргагүй болсон байж мэдэх аж.

МАН-ын гишүүд дунд байгаа нэг болгоомжлол нь Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар унаснаар шалтаглаж цаг хожин зарим Элчин сайдыг зөвшөөрөхгүй, өөр хүнийг зүтгүүлэх вий гэх хардлага юм. Энэ хар сэрийг Ц.Нямдорж гишүүн бүлгийнхээ өмнөөс илэрхийлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Гэвч нөгөө талаас “Засгийн газар нь огцроод сар гаруйн хугацаа өнгөрч байхад Ерөнхийлөгч л  таван Элчин сайдын томилгоог гацаалаа гэж шоу хийх хэрэг байсан уу” гэдэг асуудлыг ч хөндөн тавьж буй юм. Шинэ Засгийн газар ажилдаа орсон цагт томилгоог Ерөнхийлөгч гацаав уу, өөр шалтгаан нөлөөлөв үү гэдэг илүү тодорхой болох биз.

Элчин сайд нарын томилгоо гацсан нь анхных уу?
 

Нэгэн зэрэг таван Элчин сайдын томилгоо гацаанд орсон тохиолдол өмнө гараагүй ч ер нь бол иймэрхүү асуудал үүсэж байжээ. Тухайлбал, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг баталсан ч 2016 оны дөрөвдүгээр сард ажилдаа оржээ. Засгийн газар хойд хөршөөр Элчин сайдаа зөвшөөрүүлэх болоход улс төрд бужигнаан үүсгэсэн нь хойш татах шалтгаан болжээ. Мөн 2005-2007 оны хооронд Монгол Улс Герман улсад Элчин сайдаа томилж чадахгүй хоёр жилийг алдаж байсан бол Скандиновын зарим орнуудад томилогдсон Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ барьж чадахгүй нөхцөл ч үүсэж байсан аж. Эдгээрт улс төрийн нөхцөл байдал нөлөөлснөөс гадна Монгол Улсын хууль эрх зүйн орчин ч нэрмээс болдог байна. Венийн конвенциор гадаад орнууд Элчин сайдад нэр дэвшигчийнхээ нэрийг эхэлж тухайн ажиллах орон руу илгээж зөвшөөрөл авдаг. Энэ нь нууцын зэрэглэлд хамаардаг. Зөвшөөрөл ирсний дараа парламентаараа хэлэлцэж, баталгаажуулдаг байна.

Харин Монгол Улс Венийн конвенцийг зөрчдөг гэж хэлж болно. Учир нь Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталсны дараа тухайн орноос зөвшөөрөл хүсдэг. Нэг ёсны “Монгол Улс Элчин сайдаа томилчихлоо,одоо хүлээж ав” гэсэн тулгалтыг хийдэг гэж хэлж болох юм. Дээр нь УИХ-аар Элчин сайдад нэр дэвшигчийг хэлэлцэхдээ  нэр хүндийг нь шавартай хутгаж өгдөг. Цаашдаа энэ асуудлыг анхаарч засах талд ажиллахгүй бол гадаад орнуудад Монголыг төлөөлөх Элчин сайд нараас бүтэн нэртэй хүн үлдэхгүй л болов уу.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж