Хуулийн төсөлд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримталж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр заажээ. Тухайлбал эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах сүлжээ болон гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг өргөтгөх, хүч чадлыг нэмэгдүүлэх, гэр хороололд хягаарлалтын бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах, түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзах, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксон болон хийн түлшний хэрэглээнд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулахаар тусгажээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ гэжээ.
Агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр өргөн барилаа. Улаанбаатар хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэн өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулж байгаа тул энэхүү хуулийн төслийг шуурхай хэлэлцэхийг УИХ-ын даргаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хүсэв.
Эх сурвалж: president.mn