Шаардлагын хариуг авахад хоёр өдөр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Шаардлагын хариуг авахад хоёр өдөр үлдлээ

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнөөс жагсаал хийх хандив тусламж хүсч, Сүхбаатарын талбай дээр нэг хэсэг иргэдийн дунд 100 төгрөгний хандивийн хайрцаг аялуулсан. Хөдлөгөөний удирдагч Д.Батцогт энэ хугацаанд 10 мянган хүн хандив өгч, хандивийн хэмжээ нэг сая төгрөгт хүрсэн тухай хэлж мэдэгдсэн. Цаашдаа ч хаанаас хэдэн төгрөгийн хандив тусламж авснаа ард түмэнд нээлттэй мэдэгдэнэ гэдгээ зарлаад байгаа. Харин өчигдөр эхэлсэн жагсаал цуглааныг хөндлөнгөөс харсан хүмүүс “Жагсаалын зардал нэг сая төгрөгөөс хол давсан болохоор хаанаас санхүүжиж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй”-г хэлж байна.
Нэр бүхий улстөрчид, ажиглагчид бол АНАТХ-ны ард Шадар сайд асан М.Энхсайхан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар нуугдаж байгаа гэдгийг ил шулуухан хэлж байгаа. Өчигдөр экс Ерөнхийлөгчид хамаардаг TV9 телевизээр жагсаалыг бүтэн өдрийн турш сурталчилж, хөдөө орон нутгаас хүртэл шууд дамжуулан үзүүлснийг харсан ч, хөдөлгөөнийхний тавьж байгаа шаардлага ч өдөр өдрөөр хувирч, улам бүр улс төрийн зорилго чиглэлтэй болоод байгааг анхаарсан ч тэр энэ хавар эхэлсэн улс төрийн энэ “синдром” хэн нэг этгээдийн ирэх сонгуулийн бэлтгэл болон харагдаж эхэллээ. Харин 1,5 сая төгрөгийн амлалтыг нь ард түмэнд өгүүлэхээс эхэлж, одоо УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах хүртэл лавшруулаад байгаа шаардлагынх нь хариуд УИХ-ын дарга ямар хариу өгөх бол гэдэг л сонирхол татаж байна. Хөдөлгөөнийхөн шаардлагынхаа хариуг авахад 72 цагийн хугацаа өгөөд байгаа. Тэр 72 цаг пүрэв гаригийн 16.00 цагт дуусах юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж