АН-ыг "залгисан" Алтан-Шонхор

Хуучирсан мэдээ: 2017.10.16-нд нийтлэгдсэн

АН-ыг "залгисан" Алтан-Шонхор

АН-ыг "залгисан" Алтан-Шонхор

-Өөрийг нь Ерөнхий сайд болгосон “өглөг”-өө бодохоор Ерөнхийлөгчтэй барилцсан гараа тавьж болмооргүй, яг одоо тэр хайчин галын дунд хаашаа харахаа, хэнийг түшихээ мэдэхгүй зогсч байна. Хэрэв  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын үгэнд орвол У.Хүрэлсүхийг Увс фракцынхан унагана-

УИХ-ын сонгууль явагдахаас нэг жилийн өмнө Ардчилсан намынхан 25 жилийн ойгоо тэмдэглэж, намын дарга З.Энхболд фракцгүй нам болж байгаагаа баярын хурлынхаа индэр дээрээс зарлаж байв. Гэвч, Ардчилсан нам фракцгүй болох нь бүү хэл фракцууд нь хэдэн хэсэг хуваагдаж, бүлэглэл хоорондын зөрчилдөөндөө “идэгдсээр” парламентын 35 суудлаа алдаж, дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний кноптой үлдсэн юм.

Сонгуулийн дараа ялсан МАН түмэн зовлонд унаж, ялагдсан АН ганцхан зовлонтой хоцорсон нь намаа шинэчлэх явдал байлаа. Эрх мэдлийн гадна намынхныгаа үлдээсэн хариуцлагаа хүлээж З.Энхболд намын даргын албан тушаалаа өгсөн ч өнөөдрийн “өндөрлөгөөс эргэн харахад” гэгчээр үйл явдлыг ухраагаад үзвэл, Ардчилсан намд явагдсан нэр төдий шинэчлэлээс хамгийн их хожсон хүн нь намаа хожигдолд хүргэсэн экс дарга нь гэлтэй. Түүний сценарийн дагуу  нам нь “шинэчлэгдэж”, намын даргаа сонгосон. Ардчилсан нам шинэчлэгдсэн үү  эсвэл Ардчилсан нам дахь Алтангадасын эрх мэдэл  албан ёсоор Шонхорт шилжив үү? Асуултын хариулт бүр ойлгомжтой.

Ардчилсан намыг муу муухайтай хутгаж, нүүр, нүд рүү шавар шалбааг цацаж явсан хүмүүс нь өнөөдөр Ардчилсан намын нэрээр хамгийн том эрх мэдэл, хамгийн чухал албан тушаал дээр заларсныг харвал Ардчилсан намын дээр зоолттой явсан Алтангадас нь “харваж”, харин оронд нь “Алтан-Шонхор” л эргэлдэх болж.

Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз үгүй гэдгийг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын тоосоо гөвтлөө нүдэлдэж, тосоо гартал тэврэлдсэн дүр зургаас нь харж болно. Ердөө гурван жилийн өмнө Н.Алтанхуягийг буландаж байгаад намын даргыг нь ‘булааж’ авсан хүн бол З.Энхболдыг гэж намынхан нь нэрлэдэг. Гэвч, өнөөдөр нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, нөгөө Ерөнхийлөгчид улс төрийн бодлогоор зөвлөж явна.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  үзэл бодол үнэт зүйлээ олж авахаар эхлүүлсэн Ардчилсан намын шинэчлэл С.Эрдэнийг  дарга болгосноор цэг тавигдсан. Гэвч чиг, нэрэн дээрээ С.Эрдэнэ дарга боловч, нэдэр дээрээ  жинхэнэ нь хэн бэ?  Харин харамсалтай нь, энэ өдрөөс Ардчилсан намынхан фракцгүй болох нь бүү хэл бараг намгүй болсон доо.

‘Ах дүүгээрээ Монголын баялгийг зарсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохгүй биз дээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ’ гэх З.Энхболдын жиргээний дараа У.Хүрэлсүхийн кабинетын асуудал Ерөнхийлөгч хүрээд гацжээ. Парламентад 65 кноптой бүдүүн бүлгээ хоёр хувааж, анх удаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулах гэж байгаа У.Хүрэлсүхийн хувьд шахаа, шантааж дунд хэр удаан тэсэхийг бурхан ч таашгүй болж.

У.Хүрэлсүх засгаа эмхэлж, тогтвортой байлгая гэвэл уг нь намынхантайгаа гар баримаар л байгаа биз. Тиймдээ ч, М.Энхболдод танхимынхаа 40 хувийг бүрдүүлэх эрх өгсөн.  Мөн өөрийг нь Ерөнхий сайд болгосон “өглөг”-өө бодохоор Ерөнхийлөгчтэй барилцсан гараа тавьж болмооргүй, яг одоо тэр хайчин галын дунд хаашаа харахаа, хэнийг түшихээ мэдэхгүй зогсч байна. Хэрэв Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын үгэнд орвол У.Хүрэлсүхийг Увс фракцынхан унагана.

У.Хүрэлсүхийн танхимын асуудлаар Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа  гол шалтгаан нь Увсынхан буюу Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёр гэх явган яриа улс төрийн хүрээнээс сонсогдох болжээ.  Үгүйсгэх аргагүй бөгөөд Ц.Нямдорж, Х.Баттулга, З.Энхболд, Ч.Хүрэлбаатар нар бол хоорондоо эртнээс хонь, чоно болсон хүмүүс.  Гэтэл У.Хүрэлсүх хоньтой нь ч, чонотой ч гар барилцчихсан. Эндээс харвал Ардын гэх тодотголтой Ардын намын шинэ засгийн тэргүүн шатрын хөлөг дээр хэзээ мөдгүй мад тавиулах шалдан ноён шиг болжээ.

“МАН-ынхан манай намын асуудлаас хол бай” гэж анхааруулж явсан З.Энхболд өнөөдөр МАН-ын Ерөнхий сайдыг тодруулж, У.Хүрэлсүхийн танхимын асуудалд санаа тавьж явна. Эргэх хорвоо ээлжтэй гэж энэ  бөгөөд УИХ-д үнэмлэхүй олонх атлаа эрх мэдлийн төлөө цөөнхийн гарт гүйгээд орчихсон МАН-ынхныг хохь нь гэж тавлах ч бас хаашаа юм.

Ямартаа ч цахим сүлжээнд З.Энхболдыг АН-ын нэгдүгээр “эзэн”, Монголын хоёрдугаар  ерөнхийлөгч гэж дүгнэх хүмүүс цөөнгүй байгаа. Сүүлийн үеийн улс төр зөвхөн түүний зохиосон сценарийн дагуу л явагдаж байна гэвэл бас худлаа болохгүй.  Энэ сценарийг цаашлаад хөөвөл АН-ын дээр заларсан ‘шувуу’ 2020 онд төрийн дээр эргэлдэнэ. МАН-ынхан муу байх тусмаа АН-ынханд улам сайн байх логикоор хөөвөл 2020 онд Ардчилсан нам ялсан тохиолдолд С.Эрдэнэ Ерөнхий сайд, З.Энхболд УИХ-ын дарга болно. Бүр цаашлаад 2021 онд  Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас З.Энхболд  өрсөлдөнө гээд түүний ирээдүйн “Хаан” болох  сценари  нэг иймэрхүү байж мэдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж