БН Киргиз улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны аравдугаар сарын 15-ны Ням гарагт болов.
Сооронбай Жээнбеков нийт сонгогчдын 54,73 хувь буюу 901,575 сонгогчийн санал авч, ялалт байгуулсан байна. Хоёрдугаарт Омурбек Бабанов 34,83 хувь, гуравдугаарт Адахан Мадумаров 6,46 хувь, Темир Сариев 2,56 хувь, Таалатбек Масадыков 0,62 хувийн санал тус тус авсан тухай тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Н.Шайлдабекова мэдээлэв.
Киргизийн нутаг дэвсгэрт 2375 сонгуулийн хэсгийн хороо байгуулагдаж, мөн гадаадын 37 оронд хэсгийн хороо тус тус ажиллаж, сонгуулийн нэрсийн жагсаалтад 3,250,768 сонгогч бүртгэгдсэн байна. Сонгуулийн санал хураалтад нийт сонгогчдын 55,93 хувь санал өгчээ. Ош мужид 68,14 хувиар хамгийн их, Чуй мужид 51,12 хувь байгаа нь хамгийн бага, нийслэл Бишкек хотод 57,93 хувийн ирцтэй байв.
Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 59 хүн нэрээ дэвшүүлснээс улс төрийн намаас 16, бие даагч 43 нэр дэвшигчид байсан. Тэднээс бичиг баримтын бүрдэл хангаагүй болон бусад шалтгаанаар 28 хүнийг тус улсын Сонгуулийн төв хороо бүртгэхээс татгалзаж, нийт 31 нэр дэвшигч өрсөлдөж, мөн тэдний дундаас сонгуулийн бэлтгэл ажлын явцад янз бүрийн шалтгаанаар хасагдсаар сонгуулийн нэрсийн жагсаалтад 11 хүн үлдсэн байв.
Киргиз 6 сая хүн амтай, сонгуулийн хуулиар нэр дэвшигчид тооны хязгаар тавьдаггүй бөгөөд 35-70 насны, киргизийн төрийн хэл болох киргиз хэлийг бүрэн эзэмшсэн, сүүлийн 15 жил тус улсад амьдарч буй гэсэн шалгууртай юм.
Нэр дэвшигчдийн дунд улс төрийн намын 3, бие даагч 8 хүн, үүнээс Ерөнхий сайдаар ажиллаж байсан 3, одоо парламентын гишүүн 2, намын дарга 5, ажилгүй 2 тус тус байв. Уг сонгуулийг ажиглахаар гадаадын 59 орны 773 олон улсын ажиглагчид ирсэн ба тэд сонгууль сайн зохион байгуулалттай, тайван боллоо гэж дүгнэжээ.
С.Жээнбеков дотоод, гадаадын сурвалжлагч нарт хандсан анхны мэдэгдэлдээ: “Кыргызстанд эхлүүлсэн шинэчлэлийн явцыг хурдавчлах нь миний зорилго юм. Сүүлчийн 6 жилд манай улс олон бүтээн байгуулалт хийсэн. Энэ амжилтыг бэхжүүлэх нь миний үүрэг. Улс орондоо урьдын адил энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд цаашид ч анхааран ажиллах болно” гэж онцолсон байна.
Жээнбеков Сооронбай Шарипович гэж хэн бэ?
Тэрбээр 1958 оны арваннэгдүгээр арын 16-нд Киргизийн Ош мужийн Кара-Кульж дүүргийн Тельман тосгонд төрсөн. 1983 онд Киргизийн ХААИС төгссөн. Зоо-инженер мэргэжилтэй.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ албан тушаалаасаа албан ёсоор энэ оны 8 дугаар сарын 25-нд татгалзсан. Ерөнхий сайдын албанд 2016 оны 4 дүгээр сарын 12-нд томилогдоод, тэр оныхоо 11 дүгээр сарын 25-нд Засгийн газар нь танхимаараа огцорч, эргээд арванхоёрдугаар сарын 09-нд дахин Ерөнхий сайдаар томилогдсон юм.
Мөн 2005-2007 онд Парламентын гишүүн, 2007-2010 онд ХАА, усжуулалтын яамны сайд, 2010-2016 онд Ош мужийн захирагч, тус муж дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Хөдөлмөрийн гараагаа 1976 онд багшийн ажлаар эхэлж, жилийн дараа оюутан болж, их сургуулиа төгсөөд Ош мужид Хамтралын аж ахуйн зоо техникч, улмаар ерөнхий зоо техникч, 1988 оноос намын ажилд шилжиж, дүүргийн намын хорооны зааварлагч, САА-н дарга, ТУЗ-ын дарга, 1996 оноос Киргизийн Дээд Хурал (Парламентын Тамгын газар)-д хариуцлагатай алба хашиж байв.
Шинэ Ерөнхийлөгч С.Жээнбеков нь Киргизийн удирдлагын дээд түвшинд багагүй хугацаанд ажилласан, нэр хүндтэй, туршлагатай улс төрчийн хувьд улс орныхоо гадаад бодлогын болон дотоодын нийгмийн асуудлыг сайн мэдэх нэгэн билээ.
Киргиз улс гадаад улс төрийн бодлогын хувьд, ЗХУ задарсны дараа тэдний харъяанд байсан Бүгд найрамдах улсуудад тусгаар улс болох боломж нээгдсэн. Киргиз улс нь 1990 оны наймдугаар сарын 30-нд тусгаар тогтнолоо зарласны дараагаас олон улсын байгууллагуудтай шууд харилцах, нээлттэй гадаад бодлого явуулж эхэлсэн. Тус улсыг хамгийн анх хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон орон бол Турк (1991-12-23), дараагаар нь АНУ (1991-12-27), Австрали (1991-12-29), БНХАУ (1992-01-05), Япон (1992-01-26), ОХУ (1992-03-20), Монгол (1992-04-22), Казахстан (1992-10-15) бөгөөд улмаар Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон. Энэ үеэс АНУ болон Европын холбооны улсуудтай улс төрийн төдийгүй, эдийн засаг, санхүүгийн харилцаатай болж, тэдний тусламж дэмжлэг авч эхэлсэн байна. Киргиз улс одоогийн байдлаар 145 оронтой дипломат харилцаатай бөгөөд тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар олон улсын байгууллагуудтай нягт харилцаатай болгох чиглэлээр тодорхой түвшинд ахицтай ажиллаж байгаа юм. Кыргызстан улс нь Төв Азийн таван орон дотроо парламентын ардчиллыг тууштай сонгосон, Ерөнхийлөгчийн-Парламентын засаглалтай орон гэж тодотгодог. Парламент нь харьцангуй тогтвортой боловч, Засгийн газар нь ойрхон олон солигддог тул гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн орж ирдэггүй.
- Тажикистан, Казакстантай улс төр, эдийн засгийн салбарт хэвийн харилцаатай, Туркменистантай сүүлийн жилүүдэд улс төрийн харилцаа сайжирч, Гадаад хэргийн сайд нарын түвшинд яриа хэлэлцээ явагдаж байна. Узбекистан улстай нэн ялангуяа улс төрийн салбарт өмнөх Ерөнхийлөгчийн үед муу байсан. Узбекистаны шинэ Ерөнхийлөгч Ш.Мирзиёев гадаад бодлогоо “зөөллөж”, Төв Азийн орнууд, Турк, ОХУ, БНХАУ болоод бусад оронтой нээлттэй гадаад бодлого явуулах болсноор Кыргызстан улстай ч улс төрийн харилцаа идэвхжиж, хилийн маргаантай асуудлаа эв зүйгээр зохицуулж байгаа юм.
- ОХУ-тай уламжлалт харилцаагаа хэвээр хадгалж ирсэн боловч, ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн болсон цагаас хоёр орны хамтын ажиллагаанд ахиц гарч, стратегийн түншлэлийн түвшинд очсон. Цаашдаа ОХУ-ын тусламж дэмжлэгт илүү найдлага тавьж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны гуравдугаар сард тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамаарч Орос, Киргизийн харилцаа бүх түвшинд хэвийн үргэлжлэх болно гэсэн.
- Хятад улс хамгийн том хандивлагч орны нэг бөгөөд Хятад, Туркийн хөрөнгө оруулалт Кыргызстаны хөгжилд багагүй тус дэм болж байна. Сүүлийн жилүүдэд Европын холбоо, Иран, Энэтхэг улстай бүх талаар харилцах үүд хаалга нээгдэв.
- АНУ-ын хувьд Кыргызстанд ардчилсан хөгжлийг дэмжихэд урьдын адил боломж олгож байгаа нь ажиглагддаг. Америкийн талаас 1990-ээд оны эхнээс саяхан болтол ихээхэн хөрөнгө оруулалт хийжээ.
Нийгэм, эдийн засгийн бодлогын хувьд, Киргизийн хөдөө аж ахуйд хөдөлмөрийн насны хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, мал аж ахуй, газар тариалан, хөвөн, үр тариа, хүнсний ногоо, зөгийн бал, цэцэрлэгжүүлэлт зэрэг нь эдийн засгийн тэргүүлэх салбар бөгөөд ДНБ-ний 46 хувийг бүрдүүлж байгаа юм.
- Улсын төсөв 6,5 тэрбум ам.доллар, ДНБ-ний хэмжээ нэг хүнд 1264 ам.доллар байна. ОХУ, Казакстанд Киргизийн нэг сая шахам иргэд ажиллаж, тэд нэгдсэн дүнгээр ар гэр рүүгээ ихээхэн хэмжээний валют шилжүүлдэг нь тус улсын хүн амын амьжиргааны нөхцөлд эерэг хандлага үзүүлдэг.
- 2016 онд Киргиз улсын нийт төсвийн орлого 124,4 миллиард сом, энэ нь ДНБ-ний 24,8 хувь болж, нийт зардал 146,8 миллиард сом буюу ДНБ-ний 29,3 хувь байгаа бол 2016 оны төсвийн алдагдал 22,454 сая сом болж, ДНБ-ний 4,5 хувийг эзэлж, 2017 оны улсын төсөв алдагдалтай батлагдсан. Эдийн засгийн хувьд гадаадын зээл тусламжид тулгуурладаг. Жижиг, дунд үйлдвэрүүд нь төдийлөн өндөр ашиг олдоггүй. Экспорт, импортын харьцаа хол зөрөөтэй. Улсын нийт өр 21 миллиард 870 сая сом байна. (2017 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар 1 ам.доллар – 68.43 сом)
- БН Киргиз улс Евроазийн эдийн засгийн холбоо (Гаалийн холбоо)-нд 2015 оны 8 дугаар сард элссэн. Энэ нь тус холбооны гишүүн орон болох ОХУ, Белоруссь, Казакстан, Армен, Кыргызстан улсуудын хооронд эдийн засгийн чөлөөт бүс бий болгох, бараа таваарыг харилцан гаалийн татваргүй нэвтрүүлэх, бие биедээ эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. 2017 онд энэ холбоог Кыргызстан улс даргалж байна.
- Киргиз Евроазийн эдийн засгийн холбооны хүрээнд ОХУ-д оёмол материал 98 хувь, жимс 28 хувь, хөвөн 72 хувь экспортолдог. Казакстанд сүүн болон махан бүтээгдэхүүн, амьд мал нийлүүлдэг. Белоруссь улсад радиатор, хөвөн болон бусад зүйл гаргадаг.
- ОХУ-аас импортоор нефть бүтээгдэхүүн 76 хувь, хар метал 42 хувь, модон эдлэл 70 хувь, үйлдвэрлэлийн цахилгаан машин, тоног төхөөрөмж 20 хувь, резинэн материал 26 хувь, химийн бүтээгдэхүүн 34 хувь, Казакстанаас дийлэнхдээ улаан буудай, гурил, наранцэцгийн тос, нүүрс, Белоруссаас сахар, резинэн эдлэл, машины тоног төхөөрөмж авдаг.
- Евроазийн эдийн засгийн холбооны нийтлэг эдийн засгийн орон зайд олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу улс бүрийн төсөвт орох импортын гаалийн татварын хэмжээ ОХУ 85,33 хувь, Казакстан 7,11 хувь, Белоруссь 4,55 хувь, Киргиз 1,9 хувь, Армен 1,11 хувь байгаа юм.
- ГЭС “Камбарата-1”, Кара-Кечинский ТЭЦ, “Киргиз-Хятадын төмөр зам” зэрэг томоохон төслүүд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан хөдөлж чадахгүй хэвээр байна.
- Монгол, Киргиз улсын хувьд улс төрийн харилцаа дээд түвшиндээ сайн боловч худалдаа, эдийн засгийн хувьд олон хүчин зүйлээс шалтгаалан төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. 2016 онд хоёр орны бараа эргэлт 1.041.000 ам.доллар байв.
Тус улсын анхны Ерөнхийлөгч А.Акаев (1990-2005) ажиллаж байгаад 2005 онд зугтаж гарсан, одоо Москвад амьдардаг.
Хоёр дахь Ерөнхийлөгч К.Бакиев (2005-2010) таван жил ажиллаад 2010 оны 5-р сарын 06-нд хөөгдөж зугтан гарсан, одоо Минск хотод амьдардаг.
Гурав дахь буюу Киргизийн түр Засгийн газрын тэргүүн бөгөөд Түр Ерөнхийлөгч Роза Отонбаева (2010 оны 4-р сараас 12-р сарын 31) шилжилтийн хамгийн хүнд үед хамгийн идэвхтэй ажилласан эмэгтэй удирдагч гэж үздэг,
Дөрөв дэх Ерөнхийлөгч А.Атамбаев (2011-2017) хугацаанд тус тус ажилласан байна.
Шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноор тус улсын гадаад улс төрийн бодлогод зарчмын өөрчлөлт орохгүй, дотооддоо эдийн засаг нийгмийн байдал хэвийн үргэлжилнэ гэж олон улсын ажиглагчид үзэж буй. Харин хуучин Ерөнхийлөгчийн “гар” тодорхой хэмжээнд нөлөөтэй байх болов уу гэсэн таамаглал нь үнэний талтай юм.
Сэтгүүлч, доктор (Ph.D) Г.Сумъяа