НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (UNESCO) гишүүнчлэлээс АНУ болон Израиль улс гарахаа мэдэгджээ. Тус байгууллагыг Израилийг гадуурхсан гэх үндэслэлээр АНУ гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа аж. АНУ нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл UNESCO-гийн гишүүн хэвээр үлдэх гэнэ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ талаар тус байгууллагын тэргүүн Ирина Боковад мэдэгдэж, АНУ нь цаашид UNESCO-д байнгын ажиглагчийн статустай болох хүсэлтийг тавьжээ. Ирина Бокова АНУ-ын шийдвэрт маш их харамсаж буйгаа илэрхийлээд энэ нь НҮБ-ын гэр бүлд том “гарз” болохыг мэдэгдсэн байна. Түүнчлэн Израилийн ерөнхий сайд Беньямин Нентьяху АНУ-тай хамт тус байгууллагаас гарах бэлтгэлийг хангахыг гадаад хэргийн сайдад үүрэг болгожээ.
“UNESCO” нь 2011 онд НҮБ-ын байгууллагууд дундаас хамгийн түрүүнд Палестины бүрэн гишүүнчлэлийг зөвшөөрснөөр АНУ болон Израилийн дургүйцлийг төрүүлжээ. Улмаар АНУ нь тус байгууллагыг санхүүжүүлэхээ 2011 оноос зогсоосон байв. “UNESCO”-гийн жилийн төсвийн 22 хувь буюу 80 сая орчим ам.долларыг АНУ санхүүжүүлдэг байжээ. АНУ гишүүнчлэлийн хувиар удаа дараа төлбөрөө төлөөгүйгээс 2013 онд UNESCO дахь Вашингтоны санал өгөх эрхийг хүчингүй болгосон аж. Ийм нөхцөл байдалд АНУ-ын гишүүнчлэл нэр төдий явж иржээ. Өдгөө АНУ нь тус байгууллагад 418 сая орчим фунт-стерлингийн төлбөрийн өртэй болжээ.
АНУ тус байгууллагын гишүүнчлэлээс гарсан нь анхных биш юм. Өмнө нь 1980-аад онд “UNESCO”-г удирдан зохион байгуулах чадвар муу, улс төрийн зорилгоор ашиглагддаг гэх шалтгаанаар АНУ гишүүнээс татгалзаж, 2003 онд эргэн нэгджээ. “UNESCO” нь дэлхийн соёлын өвийг хадгалж, хамгаалах хөтөлбөрөөрөө олон улсад илүүтэй танигдсан байдаг. Мөн ядуу буурай орон дахь охидын боловсролыг дэмжиж, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхээр ажилладаг. Гэхдээ тус байгууллага нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, энхийг сахиулах байгууллагыг бодвол геополитикийн ач холбогдол багатай.
Израиль ба Палестины зөрчил
Дэлхийн II дайны дараа Ойрхи Дорнод дахь Английн колончлол дуусгавар болж, еврейн Израиль болон араб үндэстний Палестин гэсэн хоёр улсуудыг байгуулах санал гаргаж байв. Үүний дагуу 1948 онд Израиль улсыг байгуулсан бөгөөд энэ нь хагас зууныг дамжсан дайны эхлэл болсон юм. Арабын орнууд тус улсыг хүлээн зөвшөөрөөгүйгээс дайн дэгдээв. Энэхүү “Араб, Израилийн дайн” бүтэн жил үргэлжилж, Израилийн ялалтаар дууссан. Уг дайнаар газар нутгаа тэлж, одоогийн Палестины газар нутгийн талыг эзэлж, сүүлд Йерусалим хотыг эрхшээлдээ оруулжээ. Израиль, Палестины зөрчлийг намжаахаар НҮБ, НАТО зэрэг байгууллагууд тодорхой шийдвэр гаргаж байсны томоохон нь 1993 оны “Ослогийн хэлэлцээр” юм. Эл хэлэлцээрээр Палестины үндэсний автономи буюу “Газын зурвас”, “Иордан голын баруун эрэг”, “Зүүн Иерусалим” гэсэн гурван хэсгээс бүрдэх, өөртөө засах эрхтэй, дотоодын хууль тогтоомжтой, Израилиас хараат улс бий болсон юм. Үүнээс эхлээд л Израиль нь Палестины тусгаар тогтнохыг эсэргүүцэж, бүрэн хяналтдаа байлгахыг хичээж иржээ. Газын зурваст хоёр сая, баруун эрэгт 1.5 сая папестинчууд байдаг бол Палестины газар нутагт 300 гаруй мянган Израилчууд амьдардаг аж. Гэхдээ Израилийн талаас сүүлийн жилүүдэд Палестины газар нутаг дахь суурьшлын бүсээ нэмэгдүүлэх болсноор зөрчил хурцаджээ.
Израиль ба АНУ-ын “дотно” харилцаа
АНУ-ын Ойрхи-Дорнод дахь гол холбоотон бол Израиль улс. АНУ-ын Конгресс хэзээнээс Израилийг дэмжиж, улс төрийн үүрэг ролийг дөвийлгөж иржээ. АНУ-ын гадаад тусламжийн нэлээд хувийг Израиль улс авдаг бөгөөд 1985 оноос хойш жилд ойролцоогоор гурван сая орчим ам.долларын тусламж үзүүлдэг байна. Түүнчлэн Израиль нь найман тэрбум ам.долларын зээлийн батлан даалтыг АНУ-аас гаргуулжээ. Санхүү, цэргийн зэвсгийн тусламжаас гадна АНУ нь Израилийг улс төрийн хүрээнд ч дэмждэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус улсын эсрэг 42 удаагийн тогтоолын төсөлд хориг тавих эрхээ ашиглажээ. АНУ нь Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд 83 удаа хориг тавих эрхээ ашигласан байдаг.